Д.АМАРБАЯСГАЛАН: Намайг НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ болгох гэсэн санаа чинь БҮТЭХГҮЙ гэдгийг АЛБАН ЁСООР МЭДЭГДЬЕ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-28
 Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг "нүүрсний хулгай"-тай холбоотой хэмээн бичсэн нь хэвлэгдээд буй. Тэгвэл дээрх асуудалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан няцаалт хийлээ. Тэрбээр"
 
"Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна. Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна.
 
Гэмт бүлэглэлүүд ард түмний өмнө гишгэх газар, хийх нүүргүй болсон тул гүтгэлэг гүжирдлэг нь хил хязгаараас хэтрэн хальж, гадаадын цахим хуудас, элдэв нэр хаяг ашиглан өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгох үлгэр зохиож буйг үүгээр эрс няцааж байна Нүүрсний хулгай, төрийг хэрсэн аалзны торыг нь өөрсдөө шүгэл үлээн илчилж, олон нийттэйгээ хамт зад татаж байгаа Засгийн газрын гишүүн миний биеийг өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгож барьцалдах гэсэн хоосон санаархал чинь хэзээ ч бүтэхгүй гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хувьд албан ёсоор мэдэгдье. Манай намын олон мянган гишүүн, ажилтан, албан тушаалтан нэг бүрийн ах дүүгийн хувийн бизнестэй намайг холбох мөрөөдөл чинь бүтэхгүй. Бид бүхний шударга ёсны тэмцлийг хичнээн харлуулавч та нарын цаг дууссан, намрын халуун өдрүүдээр гэм зэм, гэсгээл шийтгэлээ хүлээх болно гэдгийг шулуухан хэлье.
 
Авлигачдын оффшор дансанд цутгаж байсан эх орны баялгийг ард түмний цалин орлого, эдийн засгийн өсөлт, иргэн бүр хүртэх өгөөж болгохын төлөөх шударга ёсны тэмцэл үргэлжилж байна. Нийгмийн хөгжлийн хорт хавдар болсон авлига, дээрмийг уг үндсээр нь тасдан, ахин өндийх аргагүйгээр төрийн тогтолцоогоо эрүүл зөв болгон дархлахын төлөө бид хичээн зүтгэх болно" хэмээжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.239.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.