Б.ДЭЛГЭРСАЙХАН: Сайншандыг КАМЕРЖУУЛААГҮЙ нөхдүүдэд ХАРИУЦЛАГА ТООЦНО
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-06

Монгол Ардын Нам(МАН)-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр өчигдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилохоор дэмжсэн. 

Өнөөдөр түүнээс сэтгүүлчид түгжрэлийг бууруулахын тулд хэрхэн ажиллах талаар болон сонгогдсон тойргийнх нь камержуулалтын асуудлыг Төрийн ордонд тодруулсныг хүргэе.

- Та түгжрэлийн асуудал хариуцсан сайдаар томилогдох гэж байна. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

- Монгол Ардын Нам(МАН)-ын Удирдах зөвлөл буюу Ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгсөн. Намайг энэ ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй гэсэн. Төрийн шийдвэр хараахан гараагүй байна. Шийдвэр гарсны дараа ажлаа хүлээн авбал өмнөх удирдлагуудын оноо, алдааг харж байгаад цаашид хэрхэн ажиллахаа тодорхой болгоно. 

- Энэ саналыг та анх хэрхэн хүлээн авсан бэ?

- Намын даалгавар гээд л шууд тулгасан. Үндсэндээ хайруулын таваг дээр суучихлаа. 

- Түгжрэл бууруулах ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Би эхлээд ажилтайгаа танилцана. Ажлаа аваагүй байж олон зүйл яримааргүй байна. Энэ бол олон жил бугшсан асуудал. Яаж шийдвэл оновчтой байхыг иргэдээсээ асууна. 

- Өмнөх сайдын тендертэй холбоотой асуудлыг үнэн зөвөөр нь гаргаж ирж чадах уу?

- Тэрийг би биш хууль хяналтын байгууллага шийднэ. Парк шинэчлэл үргэлжилнэ. Хууль хяналтын байгууллага шалгаж байхад миний бие хөндлөнгөөс оролцох эрхгүй.

- Энэ өвөл нийслэлчүүд хуучин автобусаараа л зорчих уу. Шинэ автобусаар явах боломжгүй болох шиг боллоо?

- Байр байдлыг газар дээр нь очиж үзээгүй байгаа. 

- Х.Нямбаатар сайд Хотын даргаар ажиллахдаа хатуу шийдвэрүүд гаргана гэдгээ илэрхийлсэн. Таны хувьд хэрхэн ажиллах бол?

- Би тэр хүнтэй адил л ажиллах бодолтой байна.

- Импортын машиныг хязгаарлаж магадгүй тухай Х.Нямбаатар сайд дурдаад өнгөрсөн. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлд байгаа гэсэн. Танд өгсөн чиглэлд энэ талаар байгаа юу. Мөн түгжрэлтэй холбоотойгоор татварын асуудлууд хөндөгдөх нь гэх таамаг байгаа?

- Үүнийг одоохондоо хэлж мэдэхгүй. Улсын эдийн засаг, иргэдийн амьдралыг бодолцож байж гаргах шийдвэр болохоос биш дураараа ярих зүйл биш. Кабинетын журмаар шийдвэрлэдэг

- Танд богино хугацаа байна. Энэ хугацаанд олон талт арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх тал дээр ямар ахиц гаргана гэж бодож байгаа вэ?

- Өмнөх сайдын хийж байсан сайн ажлуудыг үргэлжлүүлнэ. Болохгүй байснуудыг нь засаж залруулна. Сонгуульд зориулж би ийм юм хийнэ гэж худлаа ярихгүй. Ирээдүйг харсан том юм бодож байгаа. 

- Таны сонгогдсон тойрог буюу Дорноговь аймагт хүүхэд алга боллоо. Камержуулалт сайн хийхгүй яасан юм бэ гэх шүүмжлэл байна?

- 2017 онд буюу миний бие УИХ-ын гишүүн, Т.Энхтүвшин гишүүн Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд бүрэн камержуулсан. 32 байршилд 69 камер бий. Дорноговь аймгийн цаг агаарын байдлаас шалтгаалж камер бүдгэрсэн, эвдэрсэн зэрэг янз бүрийн асуудал гарсан байна. Одоо бол камерыг шинэчлэх нь эн тэргүүний асуудал болоод байна. 

- 2016 оноос хойш тендер шалгахаар камертай холбоотой нь байгаагүй. Хамгийн сүүлд 2021 онд 30 сая төгрөгийн тендер байсан. Тэгэхээр таны ярьж байгаа камерын ажил хаагуур нь хийгдсэн бэ?

- Үүнийг аймаг хийх ёстой. Аймгийн тендер хэрхэн үргэлжилж байгаад би оролцдоггүй. Улсын тендерт ч би оролцдоггүй. Суманд камер засна, сайжруулна гээд Сайншанд сумын төсөвт 130 сая төгрөг тусгасан. Гэхдээ үүнийг одоо болтол хийгээгүй байгаа хүмүүстэй хариуцлага ярина. Би өөрөө очно. Мөнгө байгаа ч ажлаа хийгээгүй байна.

Өмнө нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын-Үүдэд камер тавиулах гэтэл тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх тавиулахгүй гэж зүтгэсээр байгаад энэ тусламж буцсан. Үүнд улстөржсөн, тээг саад их байсан. Хэрэв 2016 онд буцалтгүй тусламжаар Замын-Үүдийг камержуулчихсан бол өнөөдөр Сэржмядаг охины асуудал гараад л ирэх байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.