Монгол УРАН дэлхийд гарч, МОНГОЛЧУУД "БАЯЛАГТАА ЭЗЭН" болох боломж нээгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Энэ удаад Франц улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд МОНГОЛЧ ураныг дэлхийд гаргахаар болов. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээний  төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зуралцсан юм. Ингэснээр 2023 онд багтааж, Үндсэн гэрээг эцсийн байдлаар байгуулах боломж бүрдэж байна. Ингэхдээ Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй, харин эдийн засаг, техник, технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохирсон байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэх юм.

Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх төсөл 47 жил үргэлжилнэ. Эхний ээлжид 2024-2027 онд бэлтгэл ажлаа хангах бол 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд 9 жил үргэлжлэх аж.

Төрийн өмчит “Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК хооронд “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г  2013 онд байгуулсан. Тус гэрээнд Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөтийн ордуудын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтран байгуулсан “Бадрах Энержи” ХХК-д олгосон юм. Ингээд Төрийн өмчит “Мон-Атом” ХХК нь “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж эхэлсэн. Тэгвэл урьдчилсан байдлаар Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10 хувийн дараах давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо. Давуу эрхийн хувьцааг эзэмшихтэй холбогдуулан суурь АМНАТ нь 5%, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт 5 хувиар нэмж орлуулах, түүнчлэн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нэмж тохиролцон, нийт АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцохоор зөвшилцөлд хүрлээ.

Борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар болохоор тооцоолж байгаа энэ төслөөс Монгол Улс 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох боломжтой. Мөн жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрөхөөс АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. Түүнчлэн “Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байхаас 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллуулж шинээр 700 гаруй тогтмол ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.77.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.