Б.Чойжилсүрэн: Сонгинохайрхан дүүргийн 5012 өрхийг ЦАХИЛГААН ХАЛААГУУР ашиглан халаах нөхцөл бүрдүүлнэ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-17

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн /2023.10.16/ хуралдаан 14 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр мэдээлэл сонсов.

Хуралдааны эхэнд агаарын чанарын асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга  Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны 10 дугаар сарын 09-15-ны өдрийн байдлаар Нисэх, Зурагт, Зайсан, Налайх, Ургах наран хороолол орчим  цэвэр буюу “Хэвийн”, харин Толгойт, Шархад, Хайлааст, Таван буудал, Мишээл экспо, 13 дугаар хороолол, Цахилгаан станц, Амгалан, Баянхошуу, I хороолол, 100-н айл, Баруун дөрвөн зам орчим “Бага бохирдолтой” түвшинд байна. Улаанбаатар хотын хүхэрлэг хийн орон зайн тархалт I хороолол орчим агаарын чанарын индексээс 43 мкг/м3-ээр их, Шар хад орчим 1.2 дахин их, бусад цэгүүдэд агаарын чанарын индексээс давсан тохиолдол гараагүй байна. Азотын давхар ислийн хувьд Баруун дөрвөн зам орчим агаарын чанарын индексээс 26 мкг/м3 –ээр их /1.6 дахин/, I хороолол орчим агаарын чанарын индексээс 7 мкг/м3 –ээр их, Бөхийн өргөө орчимд 7 мкг/м3 агаарын чанарын индексээс 10 мкг/м3, бусад цэгүүдэд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол илрээгүй. РМ2.5 болон РМ10 тоосонцрын хэмжээ 2.1-3.2 дахин давсан үзүүлэлтүүд агаарын чанарын суурин харуулуудад илрээд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаарх мэдээлэлд, “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4 квт хүчин чадалтай 5012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх” төсөл 2023 онд хийгдэж байгаа. Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн 5012 өрх 4кВт хүртэл цахилгааны хүчин чадалтай болох бөгөөд гэрээ цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13.532 тоннн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2023 онд  ажиллаж байна гэж байлаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.