Тайваний мод усалгааны эко хувинг Дундговь аймагт туршлаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-02

 Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайваний “Ци Шинь сан”, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран ЗГХА Ойн газарт  300 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хандивлаж, мод тарих ёслолын арга хэмжээг зохион байгуулсан. Уг үйл ажиллагааг Дундговь аймагт үргэлжлүүллээ. Тайваний мод усалгааны эко хувинг говийн бүсэд туршиж үзэх зорилгоор Дундговь аймгийг сонгон 150 ширхэг эко хувин ашиглан мод суулгав.

Тайваний “Ци Шинь сан” нь Тайваний “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран Тайваний мод усалгааны эко хувинг хөгжүүлж, дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан эко хувин үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Харин үүний дараа борооны ус болон усны машинаар зөөвөрлөн авчирсан усны тусламжтайгаар усны нөөцийг дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой төдийгүй Тайваний мод усалгааны эко хувингийн тусламжтайгаар Тайваний хуурай, хөрсний доройтолд орсон бүс нутагт мод суулган, модны суулгацын амьдрах чадварыг 10%-иас 95% хүртэл амжилттай нэмэгдүүлж чаджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.