IMARC-Д МОНГОЛ УЛС АНХ УДАА ТУСГАЙЛСАН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ОРОЛЦЛОО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-31
Австрали улсын Сидней хотод болж буй IMARC буюу Олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн яармагт Монгол Улс анх удаа хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурлыг зохион байгуулж, уул уурхайн компаниуд мэдээлэл өгч оролцлоо.
Энэ жил 120 гаруй орны 470 орчим компани уг арга хэмжээнд оролцож байна. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой, АМЕП хөтөлбөр, Asian Bat, Хан-алтай ресурс, Jade gas, Занаду майнс, ТМК энержи зэрэг компаниудын төлөөлөл хөрөнгө оруулагчдад төслөө танилцууллаа.
Монголын хөтөлбөрийг нээж Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит нар нээж үг хэлсний дараа Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Бямбадагва “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого”, Эрдэнэс Монгол компанийн Зэс, металлийн группын менежер Ц.Төгсбуян “Эрдэнэс Монгол групп компанийн шинэчлэлийн бодлого, хөрөнгө оруулалтын боломжууд”, Хан алтай ресурс компанийн ТУЗ-ын дарга Б.Гантулга “Хан Алтай алтны төслийн 2 дугаар үе шат: Хөгжлийн боломжууд”, Занаду Майнз компанийн гүйцэтгэх захирал Колин Муурхиид “Монгол Улсад дэлхийн хэмжээний эрдэс баялгийн ордуудыг нээн илрүүлэх, тодорхойлох нь”, Азийн Баттерей Минералс компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Монгол Улсад баттерейн эрдэс баялгийн хайгуул”, Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөр (AMEP)-ийн төслийн удирдагч Рена Гуендуез “Эрдэс баялгийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хаалтын үг хэлснээр бага хурал өндөрлөө.
10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод Mining week арга хэмжээ болоход гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон. Тэгвэл Австралийн IMARC чуулган, үзэсгэлэн болон Англи, Канадад болдог хөрөнгө оруулалтын чуулгануудад Монголын талын төлөөлөл тогтмол оролцож, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгааг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцолж байлаа.
120 гаруй орон оролцож буй энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа тусгайлсан программ буюу бага хурлыг зохион байгууллаа. Глобал боломжууд сэдэвт салбар хуралдааны Монголын хөтөлбөрт бусад орны төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон юм. IMARC арга хэмжээ 11-дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.252.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.