Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ, мэдээлэл түгээсэн тохиолдол хуулиар зохицуулна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-21
Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ, мэдээлэл удаа дараа явуулах боллоо.

Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна.

Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг.

Иймд хөрш орнууд, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж буй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Нийгмийн сүлжээ ашиглаж байгаа иргэд, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг аливаа мэдээллийн үнэн бодит байдал, эх сурвалжийг нягталж , холбогдох мэдээллийг олон түмэнд түгээж, хариуцлагатай хандаж байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.