СОРИЛТ БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛЖ, ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛСЭН АЛБА ХААГЧИД ТА БҮХНЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-13
Өнөө цаг үед дэлхий ертөнцөд улс орнууд энх тайвныг бэхжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж, аливаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж, тодорхой үр дүнд хүрч байгаа ч улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, овог аймаг, шашин хоорондын зэрэг дотоодын үл ойлголцлоос үүдэлтэй зөрчил, сөргөлдөөн бүрэн арилаагүй, зарим бүс нутагт дайн, зэвсэгт мөргөөний аюул бий болоод байгаа нь хэн бүхний сэтгэлийг түгшээсэн тулгамдсан асуудал хэвээр байна.
Ийм ээдрээтэй нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Үндэсний аюулгүй байдлаа Улс төр-дипломатын аргаар хангах нэг томоохон хэлбэр нь Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцон, энх тайван ч үүргээ биелүүлэх замаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд дээшлүүлэх явдал юм.
 
Энэ хүрээнд бид бүс нутагт цэргийн итгэлцлийг бий болгоход хүчин чармайлт гаргаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхэт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
 
Үүний нэг томоохон нотолгоо нь Монгол Улсын Зэвсэгт хүчин 2011 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд амжилттай оролцож байгаа явдал юм.
Энэхүү ажиллагаанд өнгөрсөн хугацаанд 12 ээлжийн цэргийн багт 10 мянга гаруй цэргийн алба хаагч үүргээ амжилттай биелүүлж, одоо 13 дугаар ээлжийн цэргийн баг ажиллагааны газар орон дээр хүлээсэн үүргээ биелүүлж эхлээд байна.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Монгол Улсын төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, гавьяа зүтгэлээ үнэлүүлэн, төрийн болон батлан хамгаалах салбарын одон, медалиар шагнагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Та бүхэнд баяр хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчаа оролцуулснаас хойш манай улсын олон улс дахь нэр хүнд өсөж, цэрэг-улс төрийн, олон улсын харилцааны, энхийн ажиллагааны, сургалт бэлтгэл, зэвсэглэл, ар талын хангалтын талаар ихээхэн туршлага хуримтлуулсан томоохон үр дүнд хүрээд байна.
Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд 20 гаруй жилийн хугацаанд Сьерра-Леон, Чад, Хойд Судан, БНӨСУ дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон Ирак, Афганистан, Косова Улсад явагдсан олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлсэн 21000 гаруй цэргийн алба хаагчдын хүчин зүтгэл болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэ удаад ч Та бүхэн алс холын Африк тивд дайны хөлд сүйдэж, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн улс оронд, физик-газарзүйн болоод цаг агаарын эрс тэс орчинд, цагийн байдлын хүндрэлтэй нөхцөлд, амаргүй сорилт, бэрхшээлийг сэтгэлийн хат, сэтгэлзүйн бэлтгэлтэйгээр даван туулж, дэлхийн улс орнуудын армийн алба хаагчидтай мөр зэрэгцэн хамтран ажиллаж, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
Мөн Та бүхэн БНӨСУ-ын ард иргэдийн аюулгүй, амар амгалан байдлын төлөөх энхийн үйлсэд томоохон хувь нэмэр оруулахын зэрэгцээ өөрийн орны үндэсний язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж байгааг энд онцольё.
Та бүхэн үүрэг гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн болон сэтгэл зүйн бэлтгэлээ нэмэгдүүлэн, бусад орны цэргийн алба хаагчидтай харилцан туршлага солилцож, байлдааны болон хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа эрс дээшлүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн эх орноо хайрлан хамгаалах, эх орноороо бахархах итгэл үнэмшлээ дээшлүүлж, өөрийн цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвараа улам ахиулах хүсэл, эрмэлзэлтэй, албандаа хандах хандлага, идэвх санаачилга нь нэмэгдсэн алба хаагч болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Сорилт, бэрхшээлийг даван туулж, Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас даалгасан үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэхэд энхийг сахиулагчдын маань бат найдвартай ар тал болж сэтгэлийн дэм, бүх талын тусламж дэмжлэг үзүүлж байсан аав ээж, хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд Та бүхэнд мөн гүн талархал илэрхийлье.
Төр засгийн болон батлан хамгаалах салбарын одон, медалиар шагнагдсан энхийг сахиулагч Та бүхэндээ болон гэр бүл, найз нөхөд, хамт олонд тань чин сэтгэлийн талархал дахин илэрхийлж, эх орноо батлан хамгаалах үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.