Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжиж, бэхжиж ирсэн Монгол төрийн ууган байгууллагын нэг юм.

1921 онд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар “Цагдаагийн тухай” хэлэлцээд ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа”-г байгуулсан нь Монгол Улсын шинэ үеийн Цагдаагийн байгууллагын үүсэл болжээ.

1922 онд Нийслэл хүрээнд 102 хүнтэй Цагдан сэргийлэх хороо, Амгалан баатар хотод 32 хүнтэй Цагдан сэргийлэх хэлтэс ажиллаж байсныг 1923 онд нэгтгэж, 1924 онд 148 хүнтэй ажиллаж байжээ.

Засгийн газрын 1923 оны 18 дугаар хурлаар “Цагдан сэргийлэхийн эрх хэмжээний дүрэм”-ийг баталж, цагдаагийн үүргийг: “Гэмт хэрэгтэй тэмцэх, хууль, дүрмийн биелэлтэд хяналт тавих, хэв журам, ариун цэврийг сахиулах, гарсан хэрэг, зөрчилд арга хэмжээ авах, элчин, консулыг хамгаалах, эргүүл, манаа хийх, гал түймрийг сэргийлэх, сөнөөх явдал” гээд Засгийн газар, олон яамдаас зааж, тушаасан нэмэгдэл үүргийг биелүүлэхээр заасан байна.

1924 онд хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Цагдан сэргийлэх байгууллагыг Дотоод яамны харьяанд шилжүүлэн “Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар”-ыг байгуулж, аймаг, хошуудад цагдан сэргийлэх нэгж байгуулахаар шийдвэрлэж, хүн ам, гадаадын мөнгө хүүлэгчид төвлөрч байсан Улиастай хотод бага дарга 1, цагдаа 4-ийг ажиллуулах болсон нь орон нутаг дахь цагдаагийн байгууллагын анхны салбар нь байв.

1934-1940 оны үед Цагдан сэргийлэх байгууллагад тусгайлсан чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн албад, аймаг, хотод цагдан сэргийлэх анги бий болж үйл ажиллагаа нь өргөжсөн юм.

Энэ он жилүүдэд цагдан сэргийлэх байгууллагын үүрэг нь тусгаар тогтнол, ардын хувьсгалын ололтыг бататгах, дайны болон бүтээн байгуулалтын жилүүдэд улс орны аюулгүй байдлыг хангахад тус тус чиглэгдэж байв.

1940-1960 онд Цагдан сэргийлэх байгууллага шинэ Үндсэн хууль, Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор хүний амь, дээрэм, хулгай, өмч ашиглах, дамын наймаа хийгчид, танхайрагчид, хууль ёс зөрчигчидтэй тэмцэх, иргэдийг паспортжуулах, гэр бүлийн байдлыг бүртгэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан байна.

1960-1990 онд Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өргөжин төрөл мэргэжлийн албадтай болж, тэдгээрийг мэргэжлийн удирдлага, ажлын уялдаа холбоогоор хангаж, мэргэшүүлэх ажилд түлхүү анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд техник хэрэгсэл, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлж, материаллаг бааз нь улам бэхжсэн.

1966 онд Цагдан сэргийлэх байгууллагын 45 жилийн ойг нь тохиолдуулан төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг өндрөөр үнэлж “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.

1966 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод  их үер болж  түүнээс улс, олон нийт , иргэдийн  өмч хөрөнгө,  амь биеийг  авран хамгаалах  их үйлсэд Цагдан сэргийлэх байгууллагын  ажилтнууд баатарлаг  гавьяа байгуулж ажилласан  түүхтэй.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын төв, орон нутгийн албад, газар хэлтсээс төрийн дээд одонгоор шагнагдсан хоёрхон байгууллага байдаг.

Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын хэмжээнд ажил, амжилтаараа тэргүүлэн 1979, 1980 онд 2 жил дараалан тэргүүн байр эзэлж шилжин явах улаан тугийг үүрд хадгалахаар шагнагдсан Завхан аймгийн  цагдан сэргийлэх ангийг БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 243 тоот зарлигаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулахад оруулсан хувь нэмэрийг үнэлж цагдан сэргийлэх байгууллагын 60 жилийн ойгоор Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор  шагнаж,  ахмад Д.Сандаг-Очирыг НАХЯ-ны Сайдын тушаалаар хугацааны өмнө хошууч цолоор шагнасан байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 139 тоот зарлигаар НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг байгууллагынхаа системд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэн байгааг тэмдэглэн дээд сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасан.

1990 онд болсон улс төр, нийгэм, эдийн засгийн шинэтгэлийн хүрээнд Засгийн газрын шийдвэрээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг Цагдаагийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан.

Цагдаагийн байгууллага хөгжлийнхөө явцад гадаад харилцаагаа хөгжүүлэхэд анхаарч ирснээр 1991 онд олон улсын цагдаагийн байгууллага “Интерпол”-д гишүүнээр элсэж, дэлхийн улс орнуудын адил чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна

Улсын Их Хурлаар 1993 онд “Цагдаагийн байгууллагын тухай хууль” баталсан нь үйл ажиллагаагаа хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмаар явуулах эрх зүйн үндэс бүрдэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий төрийн захиргааны бие даасан байгууллага болсон юм.

Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2002 онд батлан гаргасан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэх ажиллагаа төвлөрч, эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах албадын ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон төдийгүй албаны шуурхай бэлэн байдал дээшилж, техник, тусгай хэрэгслийн хангамж, хүрэлцээ, холбооны техник хэрэгслийн хүчин чадал нэмэгдсэн.

2000-2005 онд Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог сайжруулахын тулд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнтэй хамтран “Цагдаа-иргэд олон нийтийн хамтын ажиллагаа” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь иргэдээс төрдөө болон цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг дээшлүүлэх, цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой ажил боллоо.

2007 онд нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд хөдөлгөөнт эргүүлийн газар байгуулагдаж анх удаа нийслэл хотын 4 бүс 50 хэсэгт машинт эргүүл ажиллуулж байсан бол одоо 77 хэсэгт эргүүлийн үйл ажиллагаа явуулж, Орхон, Говьсүмбэр , Мандал, Налайх зэрэг аймаг орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хөдөлгөөнт эргүүл ажиллах болов.

Иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд үзүүлэх цагдаагийн ажил үйлчилгээг шуурхай болгох зорилгоор сум, хорооны нутаг дэвсгэрт Япон Улсын цагдаагийн байгууллагын туршлагаар “Кобан”-ы байр барих арга хэмжээг бодлогын чанартай авч хэрэгжүүлсний үр дүнд олон сумдад “Кобан”-ны байр барьж, ашиглалтад оруулсан байна.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр “Холбоо, мэдээлэл, хяналт, шуурхай удирдлагын нэгдсэн систем” төслийг амжилттай хэрэгжүүлснээр “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв”-ийг шинээр байгуулав. Ингэснээр иргэдийн амгалан тайван, аюулгүй амьдрахад цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажил, үйлчилгээ, тусламжийг мэдээллийн нэгдсэн сүлжээгээр шуурхай хүлээн авч үйлчлэхээс гадна нийслэл хотын томоохон зам, гудамж, талбай, үйлчилгээний газрыг камерын хяналтад  оруулав.