Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн сумдын айл өрхийг нүүлгэхэд дэмжлэг үзүүлж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-09
Дорнод аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан орон нутгийнхандаа нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж байна.
Аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тус ангийн дөрвөн бүлэг томилогдон ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ахлах ахлагч Б.Отгонжаргалаар ахлуулсан алба хаагчид Дорнод аймгийн Булган суманд ажиллаж, цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна. Энэ талаар ахлах ахлагч Б.Отгонжаргал “Булган сум нь аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас маш их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна. Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлсэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.