БХЯ/: НОМЫН САНЧДЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-18
Зургийн тодорхойлолт алга байна.
Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгтгэл, анги, байгууллагуудын номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, цахим номын сангийн тухай мэдлэг олгох, ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын “Номын сангийн үйл ажиллагааны заавар”-ын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мэргэжил арга зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна.
Уг сургалтад ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор зочин илтгэгчээр уригдаж нийт бие бүрэлдэхүүнд “Ном уншихын ач тус” сэдвээр үнэтэй мэдээлэл, сургамж, зөвлөгөө өгсний зэрэгцээ сургалтын төгсгөлд хугацаат цэргийн алба хаагч болон номын санчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Энэ үеэр бригадын генерал Г.Болор хэлсэн үгэндээ номын санчдын мэргэжил, мэргэшлийг дээшлүүлж, сургалт, мэдээллийг цаг алдалгүй хүргэн, сурган дадлагажуулж, номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээг чанаржуулснаар Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл, оюун санаа, мэдлэг боловсролын түвшин дээшлэхэд онцгой ач холбогдолтой болохыг онцлоод эрдэм, мэдлэгийг түгээгч та бүхэн энд сурсан, мэдсэн зүйлсээ нэгтгэл, анги, байгууллагадаа очоод бодитоор ажил хэрэг болгохыг уриаллаа.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын номын санчдыг уг сургалтад хамруулснаар анги, байгууллагуудын номын сангийн үйл ажиллагаа улам сайжирч, бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн ажил, албан тушаалынхаа үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг авч, шинэ санаа, дэвшилтэд арга барилд суралцан ажлын идэвх, санаачилга өсөн нэмэгдэх ач холбогдолтой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.65.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.