БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НЭГТГЭЛ, АНГИУДАД СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-03
Зэвсэгт хүчинд алба хааж буй офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангиудад “Сэтгэл зүйн бүлэг” үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Тодруулбал, уг бүлэг энэ удаа Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд сургалт, оношилгоо, зөвлөгөөний ажлыг зохион байгуулж, тэдний сэтгэл зүйн онцлогуудыг илрүүлэх багц оношилгоог авсан ба хувь хүн, алба, тасаг, салбар, ангийн хэмжээнд үр дүнг боловсруулан, цаг тухайд нь танилцуулан ажиллалаа.
Сургалтын эхэнд оролцогчдын дунд сургалтад анхаарлаа хандуулах, эерэг уур амьсгалыг бий болгох, өөрийнхөөрөө чөлөөтэй оролцох боломжийг нь бүрдүүлэх зорилгоор нүүр хагарах хичээлийг явуулсан нь үр дүнгээ өгч, тэдний идэвх оролцоо эрс нэмэгдсэн юм. Үргэлжлүүлэн хувь хүний чадваруудыг илрүүлэх “Хамт олны сэтгэл зүй”, “Харилцааны сэтгэл зүй”, “EQ”, “Зөрчил маргааны сэтгэл зүй”, “Цаг ашиглах чадварын сэтгэл зүй” зэрэг 5 төрлийн оношилгоо хичээлийг зохион байгуулж, хичээлийн төгсгөл бүрт оношилгооны тайлал, таниулах сургалт, дасгал ажлыг явуулан, өөрийгөө таньж мэдэх, сул болон давуу чанаруудаа ойлгох, цаашид өөрийгөө хөгжүүлэхэд аль асуудалд түлхүү анхаарах тал дээр заавар, зөвлөгөө өгч ажилласан нь тэдний талархлыг хүлээв.
Мөн тус ангийн бие бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөөнийг “Стрессээ таньж мэдэх нь”, “Өөрийгөө таньж мэдэх нь” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг нийт 6 цэргийн алба хаагчдад өгсөн юм. Энэ үеэр сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдах хүсэлтэй алба хаагчид олон байсан ба өөрт тулгарсан асуудалгүй алба хаагчид сонирхолдоо хөтлөгдөн ирж байлаа.
Сургалтын төгсгөлд хугацаат цэргийн алба хаагчдад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх “Монгол бахархал”, “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдвээр сонирхолтой яриа, хэлэлцүүлгийг зохион явуулж тэдний алба хаах урам зориг, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэв.
“Сэтгэл зүйн бүлэг”-ийн зорилго нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг сорил, судалгаа, оношилгоо, сургалт, дадлагын тусламжтайгаар илрүүлж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, сэтгэл зүйн хямрал, гутралд орсон, сэтгэл зүйн туслалцаа шаардлагатай цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, треннинг зохион байгуулах, цэргийн сэтгэл зүйчдийн үйл ажиллагааг шалган туслахад чиглэгдэж байгаа талаар ахмад Б.Жавхлантөгс мэдээлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.167.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.