БХЯ/: КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР БХЯ, ЦХХХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-11
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд өнөөдөр ажиллалаа.
Сайд нар Монгол Улсын Их хурлаар 2021 онд батлагдаж 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Кибер аюулгүй байдлын тухай хууль, 2022-2023 оны заагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Кибер аюулгүй байдлын Үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, цаашид яам, агентлаг, командлалын түвшинд хамтран ажиллах тал дээр харилцан санал солилцож, тодорхой асуудлууд дээр нэгдсэн байр суурьт хүрэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын үеэр Кибер аюулгүй байдлын хувьд хууль эрхзүйн орчин бүрдсэн. Өнөөдөр ЦХХХ-ны сайд Кибер аюулгүй байдлын командлалд ажиллаж байгаа нь БХЯ, ЦХХХЯ хоорондын ажлын уялдаа холбоог шинэ шатанд гаргах, цаашид тус командлалын хөгжлийг тодорхойлох чухал уулзалт боллоо. Кибер чиглэлээр бэлтгэгдсэн алба хаагчдаа мэргэшүүлэх, давтан сургах хэрэгцээ бидэнд бий. Энэ тал дээр ч тодорхой байр суурьт хүрлээ. Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын ойрын болон хэтийн хөгжлийн бодлого дээр яамд хооронд хамтарч ажиллах, Кибер аюулгүй байдлыг улам бэхжүүлэх тал дээр санал нэгдлээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ, Бид БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн сургалтын баазыг түшиглэн хүний нөөцөө хамтран бэлтгэх тал дээр нэн тэргүүнд ажиллах хэрэгтэй. Ингэхдээ технологи, аюулгүй байдлын бодлого талаар хэрхэн мэргэжилтнүүдээ бэлтгэх вэ. Мөн олон улсад зөвшөөрөгдсөн программ хангамж, лицензүүд, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг гадны улс орнуудын хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй төслүүдийн уялдаа холбоог хангаж ажиллах тал дээр тодорхой шийдэлд хүрсэн талаар онцолсон юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.168.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.