БХЯ/: МОНГОЛ, ЯПОН ЦЭРГИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХАМТАРСАН "ЗАМ-2023" СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-17
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам-2023” сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид боллоо.
Нээлтийн ёслолд БХЯ-ны ГХАГ-ын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй болон “Зам-2023” сургалт, дадлагад хамрагдах Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний 30 гаруй цэргийн инженерүүд оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах хэлсэн үгэндээ “2014 оноос уламжлал болгон зохион байгуулж буй уг сургалт, дадлагын үр дүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний авто замыг барих чадвартай болсон. Иймд Монгол Улсын Зэвсэгт хүчин, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд “Инженерийн рот”-оо үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэж ажлаа хангаж буйг хэлэхэд таатай байна” хэмээсэн юм.
Үргэлжлүүлэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ “Өнгөрсөн оны 11 дүгээр сард Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нар хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ Япон, Монголын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шинэчлэн баталж, зөвхөн хоёр орны харилцааг бэхжүүлэх төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн нийтийг хамарсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар санал нэгдсэн. Үүнтэй холбогдуулан Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд инженерийн цэргийг томилон ажиллуулах Монгол Улсын зорилтыг дэмжих зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд хэрэгжих тус сургалтад зориулан Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчнээс 9 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн. Сургалтад хамрагдах бие бүрэлдэхүүн тэдний туршлага сургамж, мэдлэг чадвараас ихээхэн зүйлсийг сурч авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.238.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.