БХЯ/: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-24
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар өнөөдөр (2023.04.24) Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч танилцуулав.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр албан хаагчдын цалин урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг оновчтой шийдэх шаардлагатай байгааг дурдаад цаашид холбогдох хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэл хийх тал дээр Байнгын хорооны гишүүдийг дэмжин ажиллахыг хүслээ. Түүнчлэн батлан хамгаалах салбарын төсөв 2014 оноос тогтмол буурч, ДНБ-ний 0,6 хувьтай тэнцэж байгаа бөгөөд батлагдсан төсвийн 95 гаруй хувийг бие бүрэлдэхүүний цалин, урсгал зардалд зарцуулж байгаа нь хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний биелэлтэд сөргөөр нөлөөлж байна гэдгийг онцлов.
Иймд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт “Батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална” гэсэн заалтыг хэрэгжүүлэх, Батлан хамгаалахын төсөв, хөрөнгө оруулалт эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэх, нэн ялангуяа зэвсэглэл, техникийн шинэчлэлд зориулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байгааг гишүүдэд уламжлав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь Нийгмийн даатгалын багц хуулийн хамт боловсруулагдаж байгааг тэмдэглэв. Мөн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь өнөө үед чухал асуудал болсон. Энэ тал дээр Байнгын хороо онцгой анхаарч ажиллана. Түүнчлэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энхийг дэмжих ажиллагаа нь Батлан хамгаалах яамны санхүүжих том эх үүсвэрүүдийн нэг. Байнгын хороотой хамтран ажиллаж эдгээр хуулиудыг яаралтай өргөн барих хэрэгтэй гэв.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.