БХЯ/: С.Нэргүй: МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫГ ӨСГӨЖ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-13
БХЯ-ны ХШҮДАГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл ахуйн хяналтын ахлах мэргэжилтэн дэд хурандаа С.Нэргүй
Батлан хамгаалах салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагааны зорилго, чиглэлийн тухайд тодруулбал...
-Батлан хамгаалах салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо байгуулагдаж анхдугаар хурлаа хийлээ. Ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд салбар хорооны гол зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 1624 тохиолдол бүртгэгдсэний 1552 буюу 95.6 хувь нь үйлдвэрлэлийн осол, 72 буюу 4.4 хувь нь хурц хордлого байна. 2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 395 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 35.2 хувиар өсжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан энэхүү судалгаа нь албан байгууллага бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хангалтгүй хэрэгжиж, ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох суурь шалтгаан болж байгааг харуулж байна.
Батлан хамгаалах салбарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуй хоёр тусдаа ойлголт байдаг. Манай салбарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж хэрэгжиж байгаа, харин хөдөлмөрийн эрүүл ахуйн хувьд зарим хүчин зүйлүүд орхигдоод байгаа тал бий. Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажлын байрны сөрөг хүчин зүйлд хими, физик, биологи, эргономик, физиологийн хүчин зүйлүүд ордог. Тодруулбал, химийн хүчин зүйлд химийн хорт бодисын нөлөө, тоосжилт, физикийн хүчин зүйлд ажлын байрны температур, чийглэг, агааржуулалт, шуугиан, долгион, гэрэлтүүлэг, цацрагийн нөлөө, биологийн хүчин зүйлд халдвар үүсгэгч бактери вирус, тэдгээрийн хор өсгөвөр, эргономикийн хүчин зүйлд байнгын зогсоо ажил, байнга давтагдах хөдөлгөөн, физиологийн хүчин зүйлд нийгэм сэтгэлзүйн хүчин зүйл, ажлын байрны дарамт, хэт их ачаалал, байнгын анхаарал хяналт шаардах ажлын нөлөө гэх мэт сөрөг хүчин зүйлүүд байдаг.
Бид ажлын байрны эдгээр сөрөг хүчин зүйлүүдийг илрүүлж, бууруулснаар ажилтныг мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлдэг. Байгууллагын үнэт капитал бол ажилтан бөгөөд байгууллагын удирдлагууд ажилтныхаа ажиллах орчин нөхцөл, тав тухыг хангаж өгөх үүрэгтэй. Энэ үүргийг хангуулахын тулд байгууллага болгонд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтныг томилон, сургалтад хамруулж, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулан ажиллах шаардлагатай байдаг. Энэ нь дан ганц Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны үүрэг биш бөгөөд удирдлагын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг ажил юм.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод ямар ойлголтууд хамаарах вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу байгууллага болгон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс байгуулах үүрэгтэй. Комисс нь ажлын байранд гарсан осол, хурц хордлогыг бүртгэж ослыг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, хурц хордлогыг хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчид мэдээлдэг. Үйлдвэрлэлийн орчин гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг хэлнэ. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ. Үүнд, ажлын байрандаа ажиллаж байгаад халтирч унаад хөл гараа гэмтээж, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг ч оруулж бүртгэн, учир шалтгааныг үндсээр нь илрүүлэн, эрсдэлийг бууруулж ажилтны эрүүл мэндийг хамгаалж ажиллах учиртай юм.
Монгол хүний дундаж наслалт эрэгтэй 67, эмэгтэй 75 байгаа нь ижил түвшний хөгжиж буй орнуудаас харьцангуй бага байна. Иймд бид Монгол хүний дундаж наслалтыг өсгөх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэх болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог байгууллага болгон нэвтрүүлж, хууль, дүрэм, журам, үндэсний стандартын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй ажлын байрны эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байгаа юм.
 
 
 
 
Бүх хариу үйлдэл:
25
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.181.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.