БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УСЧИН ДАЙЧИД ХӨВСГӨЛ НУУРТ АЖИЛЛАЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-01
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Инженерийн дарга хурандаа Ц.Ганхөлөгөөр ахлуулсан Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн 30 цэргийн алба хаагч Хөвсгөл аймагт 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 15 нэгж техниктэйгээр ажиллаж байгаа билээ.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Онцгой байдлын аврагч, ШУТИС-ийн инженерийн багийн эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр онцгой байдлын аврагч, ШУТИС-ийн инженерийн багийн эрдэмтдийн тогтоож илрүүлсэн 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн бүхий тракторыг татан гаргах, усан замаар тээвэрлэх ажлыг Зэвсэгт хүчний усчин дайчид гүйцэтгээд байна. Мэргэжлийн шинжээчдийн үзэж байгаагаар Хөвсгөл нуурт 28 гаруй машин техник живсэн гэх тооцоо байдаг бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дурдсанчлан 2024 он гэхэд бүрэн цэвэрлэж дуусгахаар ийнхүү Зэвсэгт хүчин, Онцгой байдал, ШУТИС-ийн эрдэмтдийн баг ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Хөвсгөл нуурт живсэн машин техникийг гаргах ажилд Зэвсэгт хүчнээс мэргэжлийн удирдлагаар хангахаар ЗХЖШ-аас гурав, тээвэрлэх ажлыг гүйцэтгэхээр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Батбаяраар ахлуулсан тус ангийн 24, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 3 цэргийн алба хаагч ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.