БХЯ/: "ХААНЫ ЭРЭЛД-2023" ХААЛТАА ХИЙЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-02
"Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе нар, бусад хүндэт зочид оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлаж, энх тайван, амар амгалан амьдралд тэмүүлж байгаа улс орон, ард түмэнд тусалж дэмжихийг эрмэлзэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, цэргийн алба хаагчдаа илгээж эхэлснээс хойш 20 жилийг үдэж байна.
Олон улсын түвшинд танигдсан энэхүү сургууль нь энхийг сахиулагчдад мэдлэг, дадлага, туршлагаа харилцан солилцож, энхийн төлөө үйлсэд журмын анд нөхөд болж, цаашид хамтран үүрэг гүйцэтгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Даян дэлхийн энх тайвны төлөө эвлэлдэн нэгдсэн цэнхэр дуулгатнуудын хуран чуулдаг “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай зохион байгуулагдан өндөрлөж байна.
Энэ удаагийн сургуульд Монгол Улсаас гадна АНУ, БНСУ, Япон, Энэтхэг, Бангладеш, Малайз, Австрали, Швед, Франц, Турк, Канад, Катар Сингапур, Балба зэрэг 26 улсын нийт 1100 гаруй цэргийн алба хаагч оролцлоо” хэмээн хэлсэн юм. Сургалт, дадлагын хүрээнд орон нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг газар оронд гардан хэрэгжүүлэх салаадын хээрийн сургуулийг амжилттай явууллаа.
Мөн чадавхыг нэмэгдүүлэх сургуулийн хүрээнд 2 дахь жилдээ зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт сургалт энэ удаагийн сургуулийн онцлог үйл явдал байлаа.
Сургуулийн төгсгөлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх генерал Бирам Диоп “Хааны эрэлд-2023” сургуулийн онцлог, ач холбогдлын талаар дурдаад, оролцсон нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэж, талархал илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.171.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.