ҮЕРИЙН УС ХАЛИХ ЭРСДЭЛТЭЙ ХЭСГҮҮДЭД ДАЛАН БОСГОЖ, БЭХЛЭЛТИЙН ЗУРВАСЫГ ӨРГӨТГӨЛӨӨ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-07
Нийслэл хотод их хэмжээний аадар бороо орсны улмаас хэд хэдэн байршилд үeрийн гамшиг нүүрлэсэн. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 400 гаруй цэргийн алба хаагч, 6 нэгж техниктэйгээр гамшгийн голомтод үерийн далан босгох, хүчитгэх, сэтэрсэн хэсгүүдийг нөхөх, нүүлгэн шилжүүлэх, эд хогшлийг татан гаргах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Энэ хүрээнд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 150, 084, дүгээр ангийн 160 гаруй алба хаагч 04:00 цагаас эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд буюу Туул голд нийлдэг байршилд үeрийн далан босгох ажлыг Хилийн цэргийн алба хаагчидтай хамтран гүйцэтгэж байна.
Үерийн ус буцаж цохих, халих эрсдэлтэй хэсгүүдэд нэн түрүүнд далан босгож, бэхлэлт хийсэн, одоогоор хамгаалалт, бэхлэлтийн зурвасыг өргөтгөж байгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны захиргаа, санхүүгийн дарга Н.Отгонбаяр хэллээ. Тус байршилд үeрийн усны түвшин нэмэгдэж байгаагаас гадна замын түгжрэлээс үүдэн элс, шороо татах ажилд хүндрэл үүссэнийг эс тооцвол үүрэг гүйцэтгэлт хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлэл өгөв.
Мөн өнөөдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх 75 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан хилсс” хотхоны орчим, авто зам дагуу далан босгох ажлыг өглөө эхлүүллээ. Туул голын ус эргээсээ халих, цаашлаад автозам руу давж орох эрсдэл үүссэн цагийн байдлыг үнэлэн богино хугацаанд хариу арга хэмжээ авч ажиллаж байна хэмээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга хошууч Ц.Мөнхтүвшин онцолсон юм.
Түүнчлэн тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байгаадаа сэтгэгдэл өндөр байгаагаа уламжилсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.