БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АХЛАГЧ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-25
Зэвсэгт хүчний хөгжилд ахлагчийн бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, ахлагчийн албыг сурталчлахад чиглэгдсэн “Таниас манлайлал эхэлнэ” уриатайгаар Зэвсэгт хүчний тэргүүний ахлагч нар чуулж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Ахлагч нарын төлөөлөл оролцож буй уг чуулганд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба нар оролцлоо. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр чуулганд оролцож буй нийт ахлагч нарт хандан хэлсэн үгэндээ,
“Өнөөдөр мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх зорилтыг хангахад Ахлагчийн бүрэлдэхүүн маань үндсэн “хөдөлгөгч хүч” нь болж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил, дэвшлийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хөдөлмөрлөж байгаад бахархалтай байдаг. Мөн хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд манлайлан оролцож, бүс нутаг дахь цэргийн итгэлцэл, энхийг дэмжих ажиллагааны ач холбогдлыг нэмэгдүүлэх, дэлхий дахинаа Монгол цэргийг “Дэлхийн цэрэг” хэмээн үнэлэгдэхэд манай Ахлагчийн бүрэлдэхүүн үндсэн цөм нь байж, үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.
Түүнчлэн нэгтгэл, анги, салбарын байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгэх, өвчин тахал, байгалийн гамшгийг даван туулахад ч гол үндсэн хүч нь байсаар ирсэн.
Тийм ч учраас Сайд миний бие жил бүрийн 11 дүгээр сарын 09-ний өдрийг “Зэвсэгт хүчний ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр” болгохоор шийдвэрлээд байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.
Эрхэм Тэргүүний ахлагч нар аа!
Дэлхийн цэрэг, улс төрийн нөхцөл байдал, аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанар, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, эрх зүйн орчны шинэчлэлт, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний өмнөө дэвшүүлсэн зорилго, зорилт зэрэг нь Зэвсэгт хүчнийг ямар ч үед тавигдсан үүргийг гүйцэтгэх чадвартай, мэргэшсэн, чадварлаг мэргэжлийн бүрэлдэхүүнтэй байхыг шаардах боллоо. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудал цаг үеийн нөхцөл байдалтай уялдан хурцаар тавигдаж байна. Бид уламжлалт арга барилаасаа татгалзаж, цаг ямагт хөгжин, дэвшиж, шинэчлэлийн манлайлагч нь байх учиртай. Өнөөдөр Ахлагч нарын мэдлэг, ур чадвар улам дээшилж, дадлага, туршлага сууж, улмаар дээд боловсролтой ахлагч нарын эзлэх хувь тогтмол өсөж байгаа бөгөөд энэ онд гэхэд 1 алба хаагч “Цэргийн ухааны доктор”-ын зэрэг хамгаалсан явдалд Миний бие сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Өчигдөрхөн болсон Засгийн газрын хуралдаанаар ҮБХИС-ийн ЦНДС-ийн харьяанд байсан “Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийг ҮБХИС-ийн харьяа “Ахлагчийн политехник коллеж” болгох шийдвэрийг гаргууллаа. Ингэснээр ахлагчийг 1 жилийн хугацаанд сургаж, зөвхөн мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг байсан бол цаашид дипломын боловсролтой, мэргэжлийн ахлагч болгон бэлтгэх боломж, нөхцөл бүрдэж, тоо, чанарт томоохон эргэлт, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлье. Сайд миний бие алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчинг сайжруулах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ирсэн. Улмаар Ахлагчийн бүрэлдэхүүний цалингийн зэрэглэл, шатлалыг 2022 оны 08 дугаар сараас эхлэн нэмэгдүүлж, түүнчлэн бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын жишигт хүргэх асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэхэд онцгойлон анхаарч, үүний хүрээнд ”Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэл”-ийг 2 ч удаа шинэчлэн тогтоож, тодорхой арга хэмжээ авсныг Та бүхэн мэдэж байгаа байх аа. Дээрхийн хүрээнд Та бүгд офицеруудтай нэгэн ижил түвшинд цалинжиж эхэлсэн нь амьдрал, ахуйд нь тодорхой хувь нэмэр болж байгаа гэдэгт итгэл төгс байгаагаа хэлье. Өнөөдөр Та бүхэн маань Зэвсэгт хүчний ахлагчийн албаны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын төлөвийг хэлэлцэн хамтын шийдэл гаргах, харилцан туршлага солилцох, манлайлах чадвараа дээшлүүлэх зорилгоор энэхүү чуулганыг явуулж байна. Иймд уг чуулганы хүрээнд Зэвсэгт хүчний хөгжилд ахлагч нарын үүрэг, оролцооны асуудлыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн дүгнэж, хамтын оновчтой шийдэл, арга замыг тодорхойлоход бүх оролцогчдын идэвхийг өрнүүлж, чуулганаар дэвшүүлсэн зорилгоо бүрэн дүүрэн хангах хэрэгтэй юм. Энэхүү чуулган нь хоёрхон өдрийн өмнө уг танхимд зохион байгуулагдсан “Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний залуу офицеруудын дэд чуулган”-ын үргэлжлэл болон зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд эдгээр чуулгануудын хэлэлцүүлгийн сэдвүүд нь хоорондоо салшгүй холбоотой байгаа нь цэргийн алба хаагчдын манлайллыг дээшлүүлэх, оновчтой шийдэл, үр дүнд хүргэхэд нэн чухал гэдгийг онцлон хэлье. Мөн энэхүү чуулганд урилгаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Ахлагч нарын төлөөлөл оролцож байгаа нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцах зэрэгт бодит алхам болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөж, улс орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэхэд манлайлан оролцож, Ахлагчийн албаны эрхэм үйлстээ өндөр амжилт гаргахыг хүсье” хэмээн онцолсон юм.
Мөн энэ үеэр ахлагч нарын нийгмийн хамгааллыг дэмжих ажлын хүрээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Харуул, үйлчилгээний тусгай ротын ахлагч, ахлах ахлагч Я.Бямбасүрэнд нэг өрөө байрны урьдчилгаа гардуулж өгөв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.172.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.