БХЯ/: МОНГОЛ УЛСЫН АНХНЫ МАРШАЛЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-17
Арын сайхан хангай нутгийн ард түмэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө амь бие хайргүй зүтгэсэн Улсын гурван баатар, мөн Монгол Улсын анхны маршал Өрлөг жанжин хүүгээрээ омогшин бахархдаг.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Өрлөг жанжин Г.Дэмидийн төрсөн нутаг Ихтамир суманд хүрэлцэн ирэхэд Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, сумын Засаг дарга Б.Цэвээндорж нар угтлаа.
Үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо Үндэсний их баяр наадмын дараахан ёслол төгөлдөр тэмдэглэсэн Ихтамир сум нь Архангай аймгийн төвтэйгээ хаяа нийлэн оршдог бөгөөд Тайхар чулуу, Хөх нуур, Алтан суудал зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудаараа алдартай, рашаан сувилал, аялал жуулчлалыг сайн хөгжүүлсэн нутаг ажээ.
Зууны түүхтэй энэхүү нутгийн ард түмнээс төрсөн Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, нэрт зохиолч Ц.Уламбаяр, шог зохиолч Ж.Барамсай, МУГЖ Ц.Сандаг-Очир нарын Ихтамирын алдартнуудын түүчээг өнөө цагт МУСТА С.Баттулга, Ж.Нямсүрэн нарын залуус үргэлжлүүлж явна.
Ийм бахархам түүхтэй суманд “Бидний бахархал” төсөл өрнөж, Батлан хамгаалах хууль, тогтоомжийг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Иргэдэд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол цэргийн музей, буудлагын үзэсгэлэн, Батлан хамгаалахын төв архив лавлагаа, үйлчилгээ үзүүлж, "Алдар" спорт хорооны үзэсгэлэн, ҮБХИС-ийн сурталчилгаа зэргийг сумын төвд дэлгэн байршуулж, "Соёмбо" сонины тусгай дугаарыг иргэдэд хүргэлээ.
Мөн Зэвсэгт хүчний 186, 032 дугаар ангийн Үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй дуутай жагсаал, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхууллаа.
Түүнчлэн тус сумаас төрөн гарсан Монгол Улсын анхны маршал Өрлөг жанжин Гэлэгдоржийн Дэмидийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эгэл ардын журамт цэргээс өрлөг жанжин, Улсын маршал болсон Ихтамирын хүү Г.Дэмид нь бага залуудаа бичиг үсэг бие даан сурч, жин тээж, Ардын журамт цэрэгт элсэж, цэргийн даргын сургуулийг амжилттай дүүргэж, тэндээ сумангийн дарга, улмаар Цэргийн Ерөнхий Сургуулийн захирлаар томилогдон ажиллажээ. Залуу авьяаслаг цэргийн зүтгэлтний ажил хэрэгч чанар, удирдахуйн авьяас билэг нь нам төрийн удирдлагуудын хараанд өртөж, Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжин болжээ. Г.Дэмидийг эсэргүү удирдагч гэсэн тодотголтойгоор хожмын түүхэнд бичиж үлдээсэн байсныг хожим нэр төрийг нь сэргээж, гэрэлт хөшөөг уугуул нутаг Архангай аймгийн төв болон төрөлх Ихтамир суманд босгож хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ.
Бид нутгийн олны төлөөлөл болгож, Ихтамир сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батсүхтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр, би хуучнаар Хууль цаазын дунд сургуулийг төгсөөд сум орондоо 30 гаруй жил төрийн албанд ажилласан. Өөрөө гурван жилийн цэргийн алба хаасан хүн. Аймаг сумын захиргаанд ажиллахдаа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги байгууллага ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирж, газар дээр нь хэрэгцээт бүхий л үйлчилгээ үзүүлэхийг харлаа, тун сэтгэл хангалуун байна. Ялангуяа хүүхэд залуучууд ихээр ирсэн байгаа нь тэдэнд эх оронч үзэл, цэрэг дайчдаар бахархах огших мэдрэмж их байгаа нь харагдлаа. Энэ жил манай аймгийн төдийгүй сумын маань 100 жил болж, бид багагүй бүтээн байгуулалт хийсэн нь та бүхнийг орж ирэхээс л харагдсан байх гэж бодож байна. Энэ ташрамд, манай Архангайн хүү, төрийн том зүтгэлтэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртаа талархал илэрхийлье... гэлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.118.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.