БХЯ/: “БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮЧТЭНИЙ ӨЛГИЙ БАТЦЭНГЭЛ СУМАНД
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-19
Батлан хамгаалах яамны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг тус онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны захирамжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сум орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой “Бидний бахархал” төсөл Архангай аймгийн Батцэнгэл суманд ирлээ.
Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, БХЗГ-ын Материал техникийн хангамжийг зохицуулах хэлтсийн дарга хурандаа Ж.Банзрагч, ЗХЖШ-ын МТГ-ын Зэвсгийн хэлтсийн дарга хурандаа П.Чинзориг, Алдар спорт хороо, Бөртэ ТӨААТҮГ-ын удирдлага, Батцэнгэл сумын ИТХ-ын дарга Б.Майдар, Засаг дарга Ц.Зоригтхүү, ЗДТГ-ын дарга Ш.Нэргүйбаатар, Булган сумын харьяат улсын арслан, Даншигийн дархан аварга Р.Пүрэвдагва, Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбат, Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Шинэбаатар болон иргэд, хүүхэд залуучууд оролцлоо.
Бригадын генерал Ж.Болдбаатар төслийн арга хэмжээг нээж үг хэлэв. Мөн Батлан хамгаалахын хууль, тогтоомж, түүний хэрэгжилт, бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Цаг үеэ олсон энэхүү төсөл Батцэнгэл суманд хэрэгжиж, иргэд, хүүхэд залуусын мэдлэгийг тэлж, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулсанд сум орон нутгийн удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим болон 032, 256 дугаар ангиудын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт болов. Түүнчлэн ҮБХИС, Бөртэ ТӨААТҮГ, Алдар спорт хорооны үзэсгэлэнг дэлгэгдсэний зэрэгцээ сум орон нутгийн иргэдэд архивын үйлчилгээ, зөвлөгөө үзүүлж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг сурталчилсан “Соёмбо” сонины тусгай дугаарыг уншигчдын гарт тарааж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлаг, уран сайхнаар үйлчиллээ.
Мөн төрийн байгууллагуудын зарим албан хаагчийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг бригадын генерал Ж.Болдбаатар гардуулан өглөө.
Хуучнаар Цэцэрлэг Мандалын аймгийн Батцэнгэл уулын хошуунаас байгуулагдсан тус сум нь Хангайн хөмбөн-цулдам уулт өндөрлөг болон Орхон, Сэлэнгэ мөрний сав газрын дундаж ба нам уулын мужид багтах Хойд Тамирын гол орчмын хуурай хээр, нугын унаган төрх хосолсон нутаг бөгөөд улаан номд бүртгэгдсэн бор гөрөөс, зэрлэг гахай, шилүүс, дорго, тарвага, чоно үнэг, хярс, монгол божирго, бахим бүргэдэй, шар цэгцгий, хун, тоодог зэрэг жигүүртэнтэй гэдгээрээ онцлог. Халх даяар Луу гүн ноён хэмээн алдаршсан Ц.Лувсанхайдав, Монгол Улсын алдарт аварга Г.Вандан, дархан аварга Г.Өсөхбаяр, заан Д.Лувсан харцага, Ц.Юүвээ, начин С.Эрдэнэбат тэргүтэй хүчтэний өлгий нутаг төдийгүй олимпын мөнгөн медальт боксын тамирчин О.Төгсцогт, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Сумъяа, гавьяат тамирчин, жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн А.Өлзийхүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Р.Ёндон нарын алдартнууд төрөн гарсны зэрэгцээ Чөлөөлөх дайнд тус сумаас 30 гаруй хүн оролцож, эх орон, тусгаар тогтнолоо батлан хамгаалах үйл хэрэгт үнэнчээр зүтгэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.186.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.