БХЯ/: ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-20
Алсын алсаас дүнхийн харагдах Дулаахан уулын өвөрт орших Жаргалант сумынхан уугуул нутгийн хүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаярыг хүндэтгэн хүлээн авлаа.
Төрийн ажлыг залгуулах товлогдсон их аяны замд буудалласан төрсөн нутагтаа сайд маань Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Бидний бахархал" төслийн бэлэгтэй хүрэлцэн иржээ.
Жаргалант сумын Засаг дарга П.Алтанхуяг ийм том ажлыг тус суманд өрнүүлж байгаад талархал илэрхийлээд, ирэх жил болох түүхт 100 жилийн ойгоороо 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчдадаа зориулан Дурсгалын цогцолбор байгуулах болон бусад хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсийнхээ талаар танилцууллаа.
Аймаг, сум орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой “Бидний бахархал” төслийн хүрээнд сайд сумынхаа иргэд, хөдөлмөрчдөд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Батлан хамгаалахын бодлого зорилтын талаар мэдээлэл хийлээ.
Мөн Батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Архангай аймгийн Жаргалант сумын Төрийн байгууллагын зарим албан хаагчид болон ахмадуудыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль болон Батлан хамгаалахын салбарын шагналаар шагнасан юм. "Ахмад дайчин" медалиар Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн ахмад настан, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн ахмад ажилтан, чөлөөнд байгаа дэд хурандаа О.Базаррагчаа, "Эх орны төлөө I" хүндэт тэмдгээр сумын Засаг дарга П.Алтанхуяг, Засаг даргын орлогч Ч.Батболд нарын олон алба хаагч, иргэдийг шагнаснаас гадна залуу үеийн төлөөлөгчид ҮБХИС-д суралцах эрхийн бичиг гардууллаа.
Сумын иргэд, хүүхэд залуучууд тусгаар тогтнолын үнэ цэн, утга учир, эх орноо хайрлан хамгаалах эх орныхоо их түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхүйц "Тусгаар тогтнолын үнэ цэн" контентыг сонирхож, Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны доктор профессор хурандаа Г.Мягмаржавын "Монгол эр хүн" сэдэвт лекцийг шимтэн сонслоо.
"Бидний бахархал" арга хэмжээний хүрээнд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулж, сумын хүүхэд залуучуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгууллаа.
Уул ус тэгширсэн энэ сайхан нутгаас Төр нийгмийн зүтгэлтэн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын Г.Сайханбаяраас гадна Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндорж, Гавьяат багш Т.Нямдорж, Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Долгоржав, Гавьяат нэгдэлчин Г.Балдан, Гавьяат барилгачин Д.Цэрэнбат, Хүний гавьяат эмч Ж.Бадрал, Эрдэнэ мэргэн бандид ханчин хамба С.Жамъянгарав, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич, шинжлэх ухааны доктор Д.Цэрэндорж, Шинжлэх ухааны доктор профессор Чагнаагийн Пүрэвдорж нарын алдартнууд төрөн гарсан байдаг юм байна.
Жаргалант сумынхан эмээлийн мод, гэрийн цуулбараараа алдартай бөгөөд
байгалын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын олдвор, түрэгийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, ан амьтан араатан жигүүртэн ховор эмийн ургамалтай, самар жимс элбэгтэй сүрлэг сайхан уул усаар хүрээлэгдсэн сум юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.