БХЯ/: НҮБ-Д ШАЛГАРАН АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛ ОФИЦЕРУУДТАЙ УУЛЗЖЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-22
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд оролцох үедээ НҮБ-д шалгаран ажиллаж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний офицеруудтай уулзаж, амжилт хүссэн байна.
НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа Д.Ганхуяг, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга хурандаа Н.Нямжаргал, НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Цэргийн хүчний үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээний багийн ахлах офицер хурандаа Д.Мягмаржав нартай уулзаж, монгол офицерууд НҮБ-д шалгаран ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд бахархаж байна гээд НҮБ болон Монгол Улсыг холбох ажлыг сайн гүйцэтгэж байгаад талархал илэрхийлжээ.
Ялангуяа Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлс дэх оролцоог нэмэгдүүлэх, ажиллагааны өмнөх цэргийн сургалт бэлтгэлээр хүлээн зөвшөөрөгдөхөд дэмжлэг үзүүлэх, "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" гэдгийг удирдлагын түвшинд нь ч нотлон харуулж байгааг нь тодотгож, бугуйн цаг дурсгал болгон бэлэглэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.