БХЯ/: ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН ДАХИН НЭГ СУРГАЛТ НҮБ-ААР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-28
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд олон улсын, хамтарсан болон дотоодын төрөл бүрийн сургалт, дадлагыг 2003 оноос хойш тасралтгүй зохион байгуулан олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
Түүний дотор “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль, цэргийн ажиглагч болон штабын офицерын дамжааг бусад орны цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулж, жилээс жилд гадаадын оролцогчдын тоо нэмэгдэх болсон нь сургалтын чанар, үр өгөөж, сургагч нарын ур чадварыг илтгэн харуулах нэг үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв НҮБ-ын стандарт шаардлагын дагуу тасралтгүй, амжилттай зохион байгуулж байгаа нь “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх нэрийг дэлхий дахинд улам бататгахад асар их үүрэг гүйцэтгэсэн.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас ЭДАСТ-ийн зохион байгуулдаг ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг НҮБ-аар магадлан итгэмжлүүлэхээр НҮБ-ын Сургалтын нэгдсэн албатай хамтран ажилласны үр дүнд тус албаны мэргэжилтэн хурандаа Ричесон Дебра 2023 оны 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ЭДАСТ-д ажилласан.
Улмаар тус үнэлгээний дүн гарч НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа Д.Ганхуягт “НҮБ-ын цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт”-ыг магадлан итгэмжилсэн сертификатыг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гардуулж өглөө. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр дундаа Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг НҮБ-аар батламжлуулсан цөөн хэдэн орны нэг болсон юм.
Өнөөдөр НҮБ-ын гишүүн 193 улс байгаагаас 124 нь энхийг сахиулах үйлсэд цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүнээ илгээж байна. Тэрхүү 124 улсын ердөө 10 улс энэхүү батламжийг эзэмшиж байсан бол Монгол Улс 11 дэх улс нь боллоо. Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлст оруулж буй хувь нэмэр тооноос чанарт шилжиж байгаагийн тод илрэл юм.
Ташрамд онцлоход ЭДАСТ-өөс “НҮБ-ын цэргийн ажиглагч офицер”-ын дамжааг стандарт шаардлагын түвшинд явуулах чадамжтай эсэхээ 2022 онд үнэлгээ хийлгэж, батламжаа гардан авсан билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.