БХЯ/: УРГАЦ АРВИН, ЗАЛУУСЫН УРАМ ЗОРИГ Ч ДҮҮРЭН БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-30
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй албаныхан 09 дүгээр сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяа эрчимжсэн мал ахуй болон ургац хураалтын явц байдалтай танилцлаа.
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч дэд хурандаа Б.Өлзийдэлгэр ургац хураалтын явц байдал, эрчимжсэн мал ахуйг сайжруулах хүрээнд анги хамт олноороо хийж байгаа ажлуудаа танилцуулав.
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдаас гадна Зэвсэгт хүчний 013, 015, 327, 336 дугаар ангийн тодорхой тооны хугацаат цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний нэгдсэн ногоо хураалтын ажлыг нугалж байгааг ч тэр тодотгож байсан юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд сэтгэгдлээ хуваалцахдаа Зэвсэгт Хүчний 310 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний бусад ангиудаа эрүүл шимт, хоол хүнсээр хангах гол ажлыг хариуцлагатайгаар хашиж буй хөдөлмөрч хамт олон. Энэ жил бороо хур элбэг орсон болохоор ургац арвин сайхан байна. Энэ жилийн тухайд тус анги Улаанбаатар хотын ангиуд болон хөдөө орон нутгийн хоёр ангийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангахын тулд 41 га талбайд тариалалт хийжээ. Хэдийгээр тус анги бүрэн ургацаа хурааж амжаагүй байгаа ч өнөөдрийн байдлаар төмсний хангалтыг 5 анги, луувангийн хангалтыг 11 ангид хийсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Зэвсэгт хүчин дэмжин өөрсдийнхөө нөөц бололцоондоо тулгуурлан хүнсний ногоогоо тарьж, боловсруулан хэрэглэж байна. Бид цаашид ч энэ ажлыг дэмжин, үйл ажиллагааг нь өргөжүүлэх болно.
Тус анги нь ганц хүнсний ногоо тариалаад зогсохгүй Герпорд махны чиглэлийн үхэр өсгөн үржүүлэх төслийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Анх нэг бух, 18 үнээтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус төсөл өнөөдрийн байдлаар 50 гаруй толгой болж өсчээ.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг эрүүл эко хүнсээр хангах зорилготойгоор ургац хураалтад дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүн болон Зэвсэгт хүчний 013, 015, 327, 336 ангийн хугацаат цэргийн алба хаагчиддаа талархал илэрхийлж, амжилт хүсье гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.220.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.