БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦУГЛАРАЛТ ЭХЭЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-03
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалт өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхэлж байна.
Цугларалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Д.Баасан болон ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн дарга нар, төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.
Энэхүү онол, арга зүйн цугларалтыг Зэвсэгт хүчний сургуулийн жилийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн цугларалтыг "Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвээр явуулж, энэ асуудлыг цогц байдлаар хэлэлцэнэ.
Онол, арга зүйн энэ удаагийн цугларалтыг нээж ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах үг хэлсэн ба тэр бээр цугларалтын зорилго, агуулга, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цугларалтад оролцогчдод амжилт хүссэн юм.
Цугларалтын эхэнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба "Өөрчлөлтийн менежментийг цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулах нь" сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, тэр бээр өөрчлөлтийн менежментийн тухай ойлголт, өөрчлөлтийн дүрэм, түүнийг Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, хөгжил, дэвшил, байгууллагын соёл, цэргийн сургалт бэлтгэлд үр дүнтэй ашиглах, цэргийн сургалт бэлтгэлийн өөрчлөлтийг удирдах зэрэг асуудлуудыг олон талаас нь дүгнэж мэдээлэл өгсөн юм.
Энэ өдөр цугларалтад оролцогчдод "Өөрчлөлтийн удирдлагын арга зүй" сэдвээр Батлан хамгаалахын сайдын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, "Олон улсын аюулгүй байдлын орчин ба Монгол Улс" сэдвээр Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, "Өөрчлөлтийн менежмент ба төрийн албаны шинэтгэл" сэдвээр Төрийн албаны зөвлөлийн ажилтан Ц.Амартөгс, С.Амарсанаа, Б.Билгүүн нар онол, арга зүйн мэдээлэл хийв.
Дараа нь "Зэвсэгт хүчний залуу офицеруудыг дэмжих жил"-ийн хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас зохион байгуулсан бүтээлч ажлуудын нэг болсон "Залуу офицеруудын нийгмийн асуудал, итгэл үнэмшлийн талаарх социологийн судалгааг хошууч Н.Амарбаясгалан, М.Хишигбаяр нар танилцуулна.
Мөн уг цугларалтын хүрээнд "Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл" сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж нэгдсэн дүгнэлтийг гаргах болно.
Энэхүү Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтын үйл ажиллагаанд болон цугларалтад оролцогчдод амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.