БХЯ/: ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧООНД АЖИЛЛАЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-19
Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд 9 байршилд зохион байгуулж байна. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны СБТГ-ын дарга Ч.Гандирваа, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын албаныхан өнөөдөр Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын товчоонд ажиллалаа.
Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс Улаанбаатар хотод цэрэг татах ажиллагаа 4 хоногийн хугацаатай эхэлж байна. Орон нутгагт явагдсан татлагын үйл явцаас харахад цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал жилээс жилд эрүүл сайжирч, өвчлөл багассан сайн үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил цэрэг таталагын товчоогоор орсон залуусын 22 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байсан бол энэ жил 9,2 хувьтай болтлоо буурсан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Нөгөө талаас залуучуудын эрүүл мэндийн асуудалд аймаг орон нутгийн Цэргийн штаб, эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа сайн анхаарч ажилласны үр дүн юм. Хэд хэдэн анхаарал татсан асуудал гэвэл зүрх судас болон сэтгэцийн өвчлөл нэмэгдэж байна. Энэ тал дээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Энэ жилийн онцлог гэвэл орон нутгийн цэрэг татлагаас харахад залуучуудын идэвх, оролцоо сайжирсан гэж харлаа. Жил бүр аймгуудад батлан хамгаалахын хууль тогтоомж, салбар сурталчлах ажлыг зохион байгуулдаг. Энэ онд Булган, Архангай аймагт “Бидний бахархал” төслийн арга хэмжээг зохион байгуулсан. Тус аймаг, орон нутгаас цэргийн алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн талаар Цэргийн штабуудаас мэдээлэл өгч байгаа. Цаашдаа залуучуудын эх орноо хамгаалах цэргийн албанд татагдах сонирхол жилээс жилд нэмэгдэнэ гэж бодож байна” гэв.
Түүнчлэн батлан хамгаалах салбар цэргийн албыг хаах орчин нөхцөлийг сайжруулах талаар анхаарч өнгөрсөн жилээс алба хаах хугацаандаа оюутан залууст их, дээд сургуульд цахимаар суралцах, МСҮТ-үүдтэй хамтран нарийн мэргэжил эзэмшүүлэх зэрэг боломжийг бүрдүүлж эхэлсэн гэдгийг онцоллоо.
Мөн Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт “Бид бүхэн цэргийн насны залуучуудыг үндсэн хуулиар хүлээсэн цэрэгт татах, халагдах үйл ажиллагаанд анхаарах ёстой. Цэргийн албанаас халагдсан залуусын ажлын байр, сурч хөдөлмөрлөх боломж зэргийг нь баталгаажуулахад талаар анхаарч байгаа. Цэрэг татлага мэдээж зөвшөөрөгдсөн хууль дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Бид Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ёс зүйтэй байх зэрэг олон зарчмыг баримталдаг. Тийм ч учраас өнөөдрийн үзлэгт орж байгаа бүрэлдэхүүнээс цэрэгт тэнцсэн залуучуудыг төв дамжин руу шуурхай хүргэхэд онцгой анхаарч байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, бид урьдчилсан үзлэг, яриа лекц, эрүүл мэндийн боловсролын талаар ажил, арга хэмжээ төлөвлөхөд авахад залуучуудын ирц сул, их хойрго ханддаг. Зарим тохиолдолд мэдэгдэх хуудас өгч, залуучуудыг аль болох өргөнөөр хамруулахыг зорьж байна. Иргэддээ уриалахад эрүүл байхын тулд эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай гэж хүсэж байна” хэмээв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.