БХЯ/: ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН АР ГЭРИЙНХЭНД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-25
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2023 оны хоёрдугаар ээлжээр Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын Цэргийн тангараг өргөх ёcлол 11 дүгээр сарын 25-ны энэ өдөр зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тангараг өргөх ажиллагааг ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу “Нээлттэй өдөрлөг” хэлбэрээр зохион байгуулж, хугацаат албаны дайчдын эцэг эх, ар гэрийн төлөөлөлд сургалт бэлтгэл, цэргийн албаны орчин нөхцөл, ар тал хангалтыг танилцуулахын зэрэгцээ байлдагч нарын авьяас чадварыг харуулсан урлагийн тоглолт, бөхийн барилдаан зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Өдөрлөг өнөөдөр 08 цагаас эхэлсэн бөгөөд хугацаат албаны дайчдын эцэг эх, ар гэрийн төлөөллийг угтан авч, анги байгууллагын алдар түүх, замналыг танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчидтай явуулж байгаа сургалт бэлтгэлийн талаар мэдээлэл хүргэж байна. Тухайлбал, мэргэжил олгох анхан сургалтын онцлог, ач холбогдлын талаар танилцуулж, цагийн хуваарь, соёл хүмүүжил, сэтгэл зүй болон спортын арга хэмжээ хэрхэн явагдаж байгааг ар гэрийн төлөөлөлд нэгдсэн ойлголт өгч байна.
Өдгөө нээлттэй өдөрлөг Цэргийн тангараг өргөх ёслол, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, зарим тэргүүний байлдагч нарт түрүүч цол олгох, тэдэнд эх орны өмнө эр цэргийн тангараг өргөсөнд баяр хүргэх ажиллагаа явагдаж байна.
Мөн эцэг эх, ар гэрийн төлөөлөлд цэргийн албаны орчин нөхцөлийг нээлттэйгээр танилцуулах, “Цэргийн зоог” хүлээн авалтыг зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг нэгтгэл, ангиуд төлөвлөгөөний дагуу яг одоо зохион байгуулж байна. Өдөрлөг өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.149.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.