БХЯ/: Хошууч генерал С.Ганбямба: ЖИГДРЭН ЖАГССАН ДАЙЧИД ТА БҮХНЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-25
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчид өнөөдөр эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон цэргийн тангараг өргөлөө. Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, БИЦУГ, орон нутгийн удирдлагууд, хугацаат албаны дайчид болон тэдний ар гэрийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.
Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тангараг өргөсөн дайчдад хандаж хэлсэн үгэндээ "Цэргийн тангараг гэдэг бол эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт үнэнчээр зүтгэхээ илэрхийлсэн эр цэргийн баталгаа болдог. Энэ ч утгаараа тангараг өргөнө гэдэг ердийн нэг ёслол төдий биш, Үндсэн хуулинд заасан иргэний журамт үүргийг биелүүлэхээ эх орондоо тангараглаж байгаа том хүндэтгэл юм. Энэ цаг мөчөөс эхлэн та бүхэн эх ороныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмших, эх орон дуудсан цагт эргэлт буцалтгүй бэлэн байх үүрэг хүлээсэн цэрэг эрс болсон гэдгээ ухамсарлаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Энд жигдрэн жагссан дайчид та бүхнээрээ бахархаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Олон мянган залуусын дундаас өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд ирж, цэргийн анхан шатны бэлгэлээ дүүргэн тангараг өргөж байгаа нь өнөө цагийн манлайлагч, үеийн залуусын үлгэр дуурайлал болж байгаа юм.
Өнөөдөр хүрэлцэн ирсэн дайчин эрсийн маань аав, ээж, ар гэрийнхэн, найз нөхөд та бүхэнд талархлаа илэрхийлэхийн хамт амьдралд тань аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе" хэмээлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.