З.Батбаяр: Зайсангийн байрнуудын УСНААС хүний ЯЛГАДАСНААС ИЛЭРДЭГ өвчин үүсгэгч НЯН ИЛЭРСЭН
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-06

Ундны усны бохирдолд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Усны газраас сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөв. 

Тодруулбал Зайсанд байрлах таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Үүнээс харахад Зайсангийн ундны ус тэр чигээрээ бохирдсон байх эрсдэлтэй байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоосныг хэллээ. 

Усны газрын даргаар З.Батбаяр

Зайсан гэдэг нэртэй Богд уулын жижигхэн ам байдгийг мэдэж байгаа. Тэр хавийн ундны усанд хийсэн удаа дараагийн шинжилгээгээр таван хотхоны уснаас нь гэдэсний савханцар илэрлээ. Усны газрын лабораториос гадна нийслэлийн бусад лабораториуд ажиллаж байгаа. Тэдгээр лабораторид ямар шинжилгээний дүн гарсан мэдээлэл одоогоор нэгтгэгдээгүй байгаа.

Гэдэсний савханцар илэрсэн таван хотхоны байрлал, хотхоны нэрийг хэлэх боломжгүй. Хотхонууд нь хоорондоо зайтай, энд тэнд байрлаж байгаа. Ийм учраас Зайсангийн амд тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай, эрсдэлд оржээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Байдлын Газарт "халдварын асуудалд анхаарах хэрэгтэй" гэсэн албан хүсэлт хүргүүлсэн. Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хандаж, судалгаа хийх хүсэлтээ явууллаа. 

Зайсангийн ам дотор хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хэд хэдэн жижиг сургуулиуд бий. Эдгээр сургуульд ойролцоогоор 3,000-4,000 гаруй хүүхэд суралцаж байгаа. Гэдэсний савханцар гэдэг нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог зүйл.

Яагаад бие зассаныхаа дараа, жорлонд орсны дараа гараа угаадаг, гэртээ орохдоо үүдэнд гутлаа тайлдаг вэ гэвэл гэдэсний савханцрыг гэртээ оруулахгүйн тулд сэргийлдэг.

Гэтэл Зайсанд амьдарч байгаа хүмүүсийн уудаг, усанд ордог уснаас нь энэ төрлийн бодис илэрч байна. Гэхдээ дан ганц савханцраар тогтохгүй олон төрлийн ундны усны стандарт шаардлагаас давсан үзүүлэлтүүд гарч байгаа учраас анхаарах хэрэгтэй" хэмээв. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.