ОГ: Монгол-солонгосын хамтарсан “ногоон хэрэм” төсөл бнсу-аас ойн үрийн мэргэжилтнүүдийг урьж, семинар зохион байгуулав
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-07
2023 оны 6 сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв”-ийн Ким Кюү Шиг(Kim Kyu Shik), Квон Юун Наг(Kwon Yong Rak), Юү Сон Ёл(Yoo Seong Yul) гурван мэргэжилтэн Монгол Улсад хүрэлцэн ирж ойн үрийн плантаци байгуулах болон сайн үрийг хэрхэн сонгох талаар семинарыг зохион байгууллаа.

Тус мэргэжилтнүүд нь Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 3-р шат хэрэгжиж буй мод үржүүлгийн газрууд (Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд) болон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвөөр зочилж 1-р зэргийн үр хэрхэн бэлтгэх, түүнийгээ арчлах, хамгаалах, хадгалах талаар санал солилцлоо. Мөн орон нутгийн ойн ангийн мэргэжилтнүүдэд ойн үрийн плантаци байгуулах талбайд хийгдсэн судалгааны үр дүнгийн талаар хуваалцсан байна.

Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд нийт газар нутгийн 76.8  хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь 2021 оны 9 сард НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцохдоо “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт”-ийн эсрэг хариу арга хэмжээ авахаар 2030 он хүртэл нэг тэрбумаар тоологдох мод тарихаа мэдэгдсэн.

Тухайн мэргэжилтнүүд Монгол Улс амжилттай 1 тэрбум мод тарих гол гарц нь 1-р зэргийн үр, тарьц, суулгацыг бэлтгэх гэж үзсэн. Тухайн ажлыг гүйцэтгэхэд ойн үрийн  мэргэжлийн боловсон хүчин хангалттай бус байгаа тул БНСУ-ын Ойн агентлагийн үрийн мэргэжилтнүүдийг томилох болон туршлага солилцох хүсэлтийг тавьсан.

Монгол Улсын БОАЖЯам болон БНСУ-ын Ойн агентлаг хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрээр 2007 оноос Монгол-Солонгосын хамтарсан  "Ногоон хэрэм" төсөл эхэлсэн бөгөөд 1-р шат (2007-2016он),  2-р шат (2017-2021он) амжилттай хэрэгжүүлж Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ойжуулалт, мод үржүүлгийн газар байгуулах болон ойн салбарт мэргэжилтнүүд бэлтгэх, нийслэл Улаанбаатар хотод “Хотын ой” байгуулах зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн.

Өнгөрсөн жилээс тус төслийн 3-р шат (2022-2026он) эхэлсэн бөгөөд “Ойн түймрээс урьдчилан сэргийлэх систем бий болгох, цөлжилтөөс сэргийлэх тарьц, суулгац бэлтгэх мод үржүүлгийн газар байгуулах, агро ой, төр хувийн хэвшлийн оролцооны ой бий болгох зэрэг олон талт ажлуудыг гүйцэтгэн Монголын орны ойн салбар болон 1 тэрбум мод хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байна.

Монгол-Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн захирал И Сон Гил болон БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв”-ийн ахлах мэргэжилтэн Квон Юун Наг нар энэ удаагийн семинарын үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид ч хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

 “Үндэсний ойн үрийн сортын төв” нь БНСУ-ын ойн нөөцийн эдийн засгийг нэмэгдүүлэх, ойн нүүрстөрөгчийн хийг шингээх чадварыг өсгөх зорилгоор 5 бүс нутагт 40га үрийн плантаци байгуулсан бөгөөд “6 дахь удаагийн Ойн ерөнхий төлөвлөгөө”-д тусгагдсан “Үрийн плантацид бэлтгэсэн үрийн хэрэглээг нэмэгдүүлэх” бодлогын дагуу 2017 оноос жил бүр 50га –аас их хэмжээний талбайд үрийн плантаци байгуулж, шинэчилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.44.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.