ог: “Эрүүл ой” төслийн хамтын ажиллагааны уулзалт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-24

Рио Тинто Монгол ХХК-ийн санхүүжилтээр Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг /ICCF Group/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааг эхлүүлж буйтай холбоотойгоор Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах МУИС-ийн “Үдлэг” ойн сургалт судалгааны сууринд 2023 оны 4 сарын 22-ны өдөр хамтарсан хурал зохион байгуулагдлаа.

?Ойн газар, Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон МУИС-аас хөнөөлт шавжийн чиглэлээр хийхээр төлөвлөж буй судалгааны ажлуудыг уялдуулах, төслийн хүрээнд тэтгэлэгт шалгарсан оюутнуудын оролцоог тодорхойлох, мөн тэднийг Постдокторын удирдлага дор хэрхэн бэлтгэх талаар талууд хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болоход уулзалтын гол зорилго чиглэлээ.

?Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх, Ойн газрын дарга, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгээс “Эрүүл ой” төслийн зохицуулагч, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн ЭША, МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, багш нарын төлөөллүүд хамтран тэтгэлэгт сонгон шалгарсан Ойн шавж судлалын бакалавр, магистр оюутнуудын сургалтын хөтөлбөр, хээрийн судалгааны төлөвлөгөөг хэлэлцэж төлөвлөгөө гаргалаа.

?Тэнхимийн болон хээрийн дадлага сургалтаар дараах онолын болон практик мэдлэгт суралцах нь зүйтэй гэж үзэв. Үүнд: Судалгааны арга зүйд суралцах, ойн навч шилмүүсний хөнөөлт шавжийг таних, модлогийн хөнөөлт шавжийг таних, шавжийн биологи-экологийн онцлог, хөгжлийн үе шат, навч шилмүүсний тархалт, голомтыг тогтоох, ойн хөнөөлт шавжийн тооны хөдлөл зүй, олшролын үеийг тодорхойлох,тэмцэж хамгаалах аргад суралцах.

?Судалгаанд хамрагдах газар нутаг: Дархан цаазат Богдхан уул, Улаанбаатар хотын ногоон бүс, МУИС-ын сургалтын суурин зэрэг газарт суурин цэг сонгож Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтий аймгийн нарс, шинэс, хусан ой бүхий газарт тархсан нутгаас харьцуулах материалын цуглуулга хийнэ.

Ойд учирсан хохирол, хор хөнөөлийг зайнаас тандах аргаар судлах судалгаа сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гаргаж байна.

?Судалгаагаар Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хан Хөхий нурууны тодорхой цэгүүдэд шинэсний шилмүүс хуйлагч(Zeiraphera diniana), сибирийн хүр (Dendrolimus sibiricus), өрөөсгөл хүр (Lymantria dispar L.), эгэл бийрэн сүүлт (Orgyia antiqua L.), якобсоны төөлүүр (Erannis jacobsoni Djak.) зэрэг хайрсан далавчтан нэг модон дээр олноор орших тохиолдолд ногоон массыг их хэмжээгээр гэмтээн физиологийн доройтолд оруулж, ой хор хөнөөлд өртжээ.

?2000-2002 онуудад ойн хортон шавж үржих тохиромжтой нөхцөл бий болсны улмаас сибирийн хүр болон бусад хайрсан далавчтанууд маш ихээр олширч Монгол улсын ойн сангийн ихэнх хэсгийг хамарч, ой мод ихээр хатаж эхэлсэн. Сибирийн хүр эрвээхэйн хөгжлийн эргэлтэд үндэслэн олшролын үе, үелбэрийг нарны идэвхжил, гангийн индекс, модны жилийн цагаригийн үзүүлэлт, зайнаас тандах аргаар буюу хайперспектрийн тоон мэдээллүүдийн хоорондын хамаарлыг тооцоолсны үндсэн дээр дараагийн голомт Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн зарим хэсэгт 2023 оноос болох тул уг шавжийн олшролоос урьдчилан сэргийлэх, тэмцэж хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

?2023 онд ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг илрүүлэх хавар болон намрын судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2.0 сая.га талбайд, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 560.0 мянган га талбайд нийт 2.5 сая.га талбайд гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Rio TintoМонгол Улсын Их СургуульШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.50.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.