Хариуцлагатай уул уурхай зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-16
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж буй Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэлж байна.
Чуулганыг нээж, УУХҮЯ-ны Статисик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар үг хэлсэн бөгөөд хариуцлагатай уул уурхайг төр, засгийн бодлогоор дэмжиж буйг онцоллоо.
Өнөөдрийн чуулганы зочин илтгэгчид эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал болон тус салбарт байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилтийг танилцуулна. Мөн уул уурхайн салбарын эерэг, сөрөг нөлөөлөл тэр дундаа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны нөлөөллийг онцолж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэний нийгэм, орон нутгийн оролцоог хэрхэн хангах асуудлыг хэлэлцэнэ.
Чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд болон зүүн бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөллүүд оролцож байна. Зүүн бүсийн хувьд ашигт малтмал, газрын тосны нөөцөөр баялаг бөгөөд аймаг, орон нутгийн удирдлагууд хөгжлийн хэтийн зорилгодоо уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлж, дэмжиж ажиллахаар тусгасан гэдгээ тодотгов.
Энэхүү чуулган нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв байдлаар хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш буюу 2023 оны 11-р сарын 17-ны өдөр оролцогч талууд “Степ голд” компанийн төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэдээлэл солилцоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.