ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЯР НААДМЫГ НЭЭЖ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ ҮГ ХЭЛЖ НААДАМЧИН ОЛОНДОО МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-10
Эрхэм хүндэт Наадамчид аа, Эрхэм хүндэт Дарханчууд аа
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө
Та бид хамтдаа-Төрт ёсны цэнгэлийн манлай, Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын баталгаа болсон-Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр хуран цуглараад байна.
Найрамдлаар овоглосон Дархан хотдоо баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн Дархан хотын шавыг тавьж бүтээн босгосон азай буурал ахмадууд-хөдөлмөр бүтээлээ өрнүүлэн яваа идэр залуучууд-ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа болон нийт Дарханчууддаа Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жил, Дархан хотын түүхт 62 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Дархан хотын баяр наадмыг тохиолдуулан хотынхоо бүтээлч, хөдөлмөрч хамт олон дундаас Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр Дархан-Уул аймаг дахь хүмүүнлэгийн ухааны захирал Надмид Сувдаа, Соёлын гавьяат зүтгэлтнээр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч Бавганы Норовсамбуу, Үйлчилгээний гавьяат ажилтнаар Дархан сумын 4 дүгээр багийн ахмад настан Чулууны Зунгараа нар тус тус гавьяат цол тэмдгээр энгэрээ мялааснаар, нийт 17 хөдөлмөрийн баатар, 9 төрийн соёрхолт, 91 гавьяаттай болж байна.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах аж үйлдвэржсэн, мэдээллийн технологи, инновац хөгжих, эко системийг бүрдүүлсэн томоохон хот болох хэтийн төлөвлөлттэй Дархан-Уул аймаг нь Улсын зэрэглэлтэй хот болон хөгжих шинэ түүхийг бүтээж Дархан хот маань хөгжлийн шинэ эрин үеийг түүчээлж байна. Тухайлбал:
• Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд хувь нэмэр оруулахад 107 мянган хүн ам дээрээ 100 мянган хүн нэмж авбал дэд бүтцийн хувьд бүрэн боломжтой бөгөөд “Нээлттэй Дархан” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж сүүлийн 3 жилд 6000 гаруй иргэн шилжин ирж хүн амын жилийн дундаж өсөлт 1,2 хувьтай байна.
• Хүн амын 86 хувь нь аймгийн төвдөө амьдарч, 68.2 хувийг хөдөлмөрийн насны иргэд 31.8 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, 29000 өрхийн 52.1 хувь нь нийтийн орон сууцанд, 31.4 хувь гэр хороолол, 1.4 хувь нь тохилог амины орон сууцанд амьдарч байна.
• 2013 оноос хойш сүүлийн 10 жил төвийн суманд гэр хорооллыг тэлээгүй бөгөөд 15000 гаруй барилга байгууламж сүндэрлэж, 2023 онд 14 байршилд 1467 айлын нийтийн орон сууц баригдаж байна. Залуус хороолол төслөөр 10.000 айлыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна.
• Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 489.7 тэрбум төгрөг болж 29.7% өсөж, хүний хөгжлийн индексээр 0.753 онооны үзүүлэлттэй улсдаа 3 дугаарт эрэмблэгдэж байна.
• Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 11.6 хувь нь дулаан цахилгаан үйлдвэрлэл, 7.5 хувь нь нүүрс олборлолт, 54.1 хувь бусад ашигт малтмалын олборлолт, 13.7 хувь нь төмрийн үйлдвэрлэл, 5.6 хувь хүнсний үйлдвэрлэлт, 5.9 хувь нь хувцас үйлдвэрлэлийн салбар эзэлж байна.
• Ерөнхий боловсролын сургуулийг 84 сурагч 48 улирал дараалан амжилттай суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтаар 31 хүүхэд 800 оноо авлаа. Англи хэлээр хамгийн олон буюу 805 хүүхэд шалгалт өгч 800 оноог 2 хүүхэд авч аймгийн дүнгээр улсдаа тэргүүллээ. Цаашид 4 жилийн турш Засаг даргын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгож, амжилт үзүүлсэн багш сурагчдад 60.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
• Хүүхдийн спортын 7 дугаар наадмын шигшээ тэмцээнд 20 төрлөөр 216 өсвөрийн тамирчид 21 дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцож улсын дүнгээр 3 дугаар байр эзэллээ.
• Ой тогтоолтын дэлхийн аварга,
Та бүхний минь өнөөдрийг хүртэл сэтгэлээ чилээж, ухаанаа уралдуулж, үгээ үзэглэж, хамтдаа ханцуй шамлан орсон үйл хэрэг бүр тань өнөөдрийн Дархан хотын хөгжил цэцэглэлт, өнгө төрхийг нь урладаг юм шүү. Үндэсний их баяр наадмаа угтаж Дархан хотынхоо өнгө төрх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.
Гэр хорооллын бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг бодитойгоор хэрэгжүүлж Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 13, 15, Малчин баг нийт 12 байршилд 5460 ширхэг гэрэлтүүлэг хийлээ.
Хөтөл хорооллын шинэ суурьшилд байрлалтай 34 айлыг 74,5 сая төгрөгөөр цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дархан хот дотор энэ жил улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Байгаль орчны уулзвар, Комфорт, Хүнсний үйлдвэр, өргөөгийн уулзар, анагаах, оюутны хотхон, тэди, мангирт, тойрог, Ди Би Эс, консул зэрэг 12 байршилд хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд эхлүүлж,
Хонгор Салхит чиглэлийн автозамыг бүрэн ашиглалтад оруулан, Дархан-Шарын гол, Зулзагын голын чиглэлийн хатуу хучилттай автозам, шинэ, хуучин Дарханыг холбосон 3 дахь магистрал автозам, 1 ээс – 8 дугаар багийг холбосон төмөр замын дээгүүрх гүүрэн гарц зэрэг томоохон авто замын засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд булшлах Экскаватор, бульдозерыг гражийн хамт, эмнэлгийн аюултай хог хаягдал шатаах зуухыг байрны хамтаар барьж ашиглалтад орууллаа. Цаашид дахин боловсруулах түүхий эд цуглуулагчидтай хамтран ажиллах, хогийн цэгт гал гаргахгүй байх ажлуудыг хяналттайгаар ажиллах боломжууд бүрдэж байна.
Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумын 1, 2, 3 дугаар багийн 166.7 мянган га газар нутгийг “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон тариалангийн бүс нутаг” болгон зарлаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн цогцолбор байгуулах томоохон Мега төслийг хэрэгжүүлснээр Дархан хотод 10’000 ажлын байр бий болж шинэ бизнесийн орчин бүрдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын сандал ширээг шинэчлэх ажлыг 1, 4, 15, 12-р сургууль болон Орхон сумын 8-р сургууль, Хонгор сумын 11, 14-р сургуулиудад 900 ширхэг хос сандал ширээг хүлээлгэн өгч, цаашид шинэ хичээлийн жилээс 1100 хос сурагчдын ширээ сандалыг шинэчилнэ.
Багш бүр компьютер төслийн эхний ээлжинд Орхон, Хонгор, Шарын гол сумдын багш нарт 100%, Дархан сумын ЕБС-ийн багш нарын 70%-д зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.
Сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн хүрээнд 4 сургууль, 9 сургуульд тус бүр 480 суудалтай барилгын өргөтгөл, 15 дугаар багт 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдаж цаашид Оюуны ирээдүй цогцолбор сургууль барилгын өргөтгөлийг хийхээр төлөвлөж байна.
Сургуулийн орчимын хязгаарлалтын бүсийг 2 сургуульд шинээр байгуулж, дуут, тохируулагтай 2 гарцыг шинээр хийлээ.
Call for хөтөлбөрийг 3 удаа зохион байгуулж 75 сурагчдийг амжилттай хамруулж, ерөнхий боловсролын сургуулийн англи хэл зааж буй 19 багшаа чадавхижуулах зорилгоор IELTS шалгалтын 3 сарын сургалтад хамрууллаа.
Боловсролын салбарт ажиллаж байгаа гэр бүлийг дэмжих зорилгоор анх удаа түрээсгүйгээр ашиглалтын зардлыг шийдвэрлэж хуримтлалыг бий болгох зорилгоор 10 гэр бүл буюу 20 боловсролын салбарын ажилтан албан хаагчдыг 3 жилийн хугацаатайгаар орон сууцаар хангалаа.
Хүүхдийн зуслангийн засвар шинэчлэлтийн ажлыг бүрэн хийж, тусгай хэрэгцээт хүүхдийн зориулалтаар зуны зуслан, цэцэрлэгийг шинээр ажлуулж эхлээд байна.
Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн хүрээнд энэ онд “Маргаашийн хот”, “Тогтвортой ногоон санхүүжилт” олон улсын томоохон форумуудыг зохион байгуулж гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагчдтай хамтран ажиллах, орон нутагтаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлээд байна. Тухайлбал:
• Солонгосын Би Плат Кей компани, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Грийн ворк зөвлөх үйлчилгээний компани хамтран консорциум байгуулахаар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр Дархан-Уул аймагтай нүүрс төрөгчийн зах зээл, тэр тусмаа хуванцар, хог хаягдал дахин боловсруулах бизнест хөрөнгө босгох таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.
• Итали-Монголын хамтарсан “БЭЛФИЛ” ХК Дархан хотноо 100% өөрсдийн хөрөнгөөр ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар санамж бичигт гарын үсэг зурлаа. 2024 оноос үйлдвэрийн барилга байгууламж баригдаж орон нутагт ажлын байр шинээр бий болно.
• БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид Дархан-Уул аймгийн баяр наадмаар айлчлан ирж хамтын ажиллагааны 10 жилийн түүхтэй санамж бичгийг шинэчлэн байгуулж түргэн тусламжийн 2 авто машиныг буцалтгүй тусламжаар олгохоор боллоо.
• Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр Дархан-Уул аймаг 250 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг барих ажлыг эхлүүлээд байна.
Аймаг, орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжиж улсын төсөвт суулгасан УИХ гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн ёс зүй сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Баагаагийн Баттөмөр, УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням нартаа иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.
Эх дэлхийд түүхээрээ гайхуулж, ёсөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залсан, өнө эртний соёл, төрт ёсны үнэт өв уламжлалтай дэлхийд ганцхан Монгол наадмаараа айл өрх бүр үндэсний дээл хувцсаараа гоёж, түүхэн ёс уламжиллаа дээдлэн хүндэтгэж, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр байж хотол олноороо сайхан наадаарай.
Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх соёл, эх хэл, ёс уламжлалаа нандигнан бахархсан Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдэгдье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.