Малын удмын сангийн үндсэний төвийн удирдлагууд бодлогын түвшинд шийдвэрлүүлэх арга хэмжээний саналуудаа Монгол Улсын ерөнхийлөгчид танилцууллаа
Үйл явдал
/
2023-05-17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2023.05.16/ зарим салбарын сайдуудын хамт Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай мөн танилцсан юм.
Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн төвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, малын нөхөн үржихүйн биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гойд ашиг шимт малаас үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, стандартын шаардлага хангасан үржлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хангах, мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт Малын удмын сангийн үндэсний төвийг байгуулсан байдаг.
Тус төвд 2023 оны 3-р сарын байдлаар нийт 9641 толгой мал, амьтан бүртгэлтэй байна.
Тус төвийнхөн туршилт, судалгааны чиглэлээр олон төсөл хөтөлбүрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал: МААЭШХ-н Малын нөхөн үржихүйн лаборатори, ADRA олон улсын байгууллага, Австралийн хонины үржүүлгийн төвтэй хамтран АВСТРАЛИЙН үржлийн үнэлгээгээр шилмэл 5 хуцны 6000 тун үрийг оруулж импортолж Монгол улсад баталгаажсан Хангай , Орхон үүлдрийн хонь, Франц Мерино нийт 315 эм хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх туршилт, судалгааны зохион байгуулан ажиллажээ. Цаашид 2023 онд хөврөл үр шилжүүлэн суулгах ажил хийхээр төлөвлөж байгаа аж.
Төвийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчид бодлогыг түвшинд шийдвэрлүүлэх арга хэмжээний саналуудаа танилцууллаа.
-Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан тооноос чанарт шилжин бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр улс оронд даяар өрнүүлж хэрэгжүүлэх,
-Байгууллагын үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өргөтгөх замаар 2026 оноос МУСҮТ үйл ажиллагаагаа бие даан өөрөө санхүүжүүлдэг хэлбэрт оруулж ажиллуулахтай холбогдсон нэмэлт өөрчлөлтийг “Малын генетик нөөцийн тухай хууль”-д оруулах,
-УИХ-ын зарим гишүүдийн хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төсөл болон яамнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгууллагын харьяаны Цөм сүргийн салбар нэгжийг бүх аймагт шинээр байгуулан ажиллуулах шаардлага гарч байгаа тул “Цөм сүргийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 420 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх саналуудыг тус тус тавьлаа.
 
Монгол Улсын Засгий газраас Дархан, Сэлэнгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан.Энэ хүрээнд малын тооноос илүү чанарт анхааран тус бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйруу шилжүүлэх, мах, сүүний чиглэлийн удмын сан бий болгох, малын цөм сүргийн бүтцийг сайжруулахаар зорьж байна.
 
 
Мах, сүү, цагаан идээний хэрэглээ өндөртэй Монгол хүний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг сайжруулах нь хүсний аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм гэдгийг албаныхан онцоод удмын сангийн үйл ажиллагааг цаашид ч бодлогоор дэмжин ажиллана гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.