Сүүлийн долоо хоногт 168 вагон буюу 16,000 тонн АИ92 бензин орж ирсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-22

Шатахууны асуудлаар өнөөдөр УУХҮЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр төмөр замын тээвэрлэлтийн асуудлаар мэдээлэл өглөө.

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр "Толгойт, Рашаант, УБТЗ гэсэн гурван салаа төмөр зам дээр агуулахууд шатахуунаа авч байгаа. Урд шөнө 58 вагон АИ92 бензин Сүхбаатар өртөөнд ирсэн. Өдөр 12:45 цагт уг өртөөнөөс наашаа хөдөлсөн, өнөө шөнө 01:00 цагт ирнэ.

Өчигдөр Толгойт өртөөнд 104 вагон, өнөөдөр 100-гаад вагон шатахуун буулгаж байгаа.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд 168 вагон буюу 16,000 тонн АИ92 бензин орж ирсэн. Энэ нь найм хоногийн нөөц. 583 вагон буюу 35,000 тонн дизель түлш ирсэн нь 11 хоногийн нөөц юм.

АИ92 бензин олдохгүй, оочерлоод байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал агуулахын нөөц 20 хоногийн хугацаанд дууссан. Одоо орж ирж байгаа шатахууныг нөөц бүрдүүлж чадахгүй тарааж байна.

Хөдөө, орон нутгийн зам дагуух жижиг ШТС-ууд импорт хийдэггүй. Импорт хийдэг ААН-үүдээс АИ92 бензин авдаг. Импортлогч ААН-үүд эдгээр ШТС-д бензин өгөх боломжгүй болсон. Ингээд импортолдоггүй ШТС-ууд бензингүй болчихоор импортоор авдаг компаниудын ШТС-д оочер үүсэж, борлуулалт нь хэвийн үеэсээ хоёр дахин нэмэгдсэн.

Бензиний импорт тасалдсан 20 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод байдаг 248 ШТС-аас 170-д нь бензин зарж, бөөгнөрөл үүссэн" хэмээн тайлбарлав.

"Монгол Улсын хэмжээнд шатахууны 93 агуулах сав байдаг байна. Эдгээр нь 380,000м.куб багтаамжтай.

70,000 тонн АИ92 хадгалах савтай. Улсын хэмжээнд 1,600 ШТС-д хадгалах сав бий"-г тэрбээр хэллээ.

Орон нутагт дизель түлшийг 6,500 төгрөгөөр шаглаж, зарж байгаа гомдол манай байгууллагад ирээгүй гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.133.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.