Д.Баясгалан: Төмөр замын холболтын цэгээ тохироогүй юм чинь ЗӨРӨХ БОЛОМЖГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-22

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" ХХК ажилласан. 

Хэдийгээр экспортын гол гарцын нэг гэгдэж байгаа ч уг зам БНХАУ-ын төмөр замтай холбогдоогүй, мухар зам гэх шүүмжлэлд их өртдөг. Өөрөөр хэлбэл хил холболтын асуудал одоо хэр эхлээгүй байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд "Бодь интернэшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалангаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Таны бахархаад байгаа төмөр зам мухар юм байна лээ. Цаашаа яаж холбогдох нь бүү мэд. Таны барьсан бүтээн байгуулалтаар нүүрс зөөхгүй байна. Техникийн хувьд хүнд шийдэлтэй, холболт ч хүнд юм байна лээ. Ийм байдлыг та мэдэж байсан байж таараа. Эдийн засгийн үр өгөөж, Монгол Улсын эрх ашиг гэж байх ёстой биз дээ. Тайлбараа өгнө үү.

"Бодь интернэшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан: Биднийг төмөр зам барьж эхлэхэд Хятадын талынхан огт итгээгүй. Та нар 10 гаруй жил ярьсан биз дээ, барьсны чинь дараа л холболтоо ярья гэдэг байсан. Холболт зөрсөн, түвшин зөрсөн гэх яриа огт байгаагүй. Цэгээ тохироогүй юм чинь яаж зөрөх вэ. Гашуунсухайт дээр бүтээн байгуулалт эхлэхэд л, 2021 оны тавдугаар сараас Монголын тал, Хятадын талтай төмөр замын холболтоо ярьж, Хятадын тал хүлээж авсан.  Манай ажлын хүрээнд БНХАУ-ын хилийн цэгт хүргэх ажил орчихсон байсан. Өөрөөр хэлбэл манайх хил холболтоо хийх байсан.

Захиалагчийн зүгээс маш олон удаагийн гэрээ хэлцэл ярьсаар байгаад одоогийн Ганц мод талаас Шиньхуагийн гэж яригддаг төмөр замын цэгээр хос царигаар холбох техникийн шийдэл гаргасан. Тэр шийдлээр БНХАУ-ын талд өргөн төмөр замын терминал байгуулагдана. Монголын талд нарийн төмөр замын терминал байгуулагдана. Нийтдээ Ганц мод талдаа Хятадын тал 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нэмж өргөтгөнө. Монголын тал 200-250 сая ам.доллароор хил холболтоо хийхээр болсон.  2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Бээжинд олимпын үеэр очиж, Ши Жиньпин даргатай уулзаж эцсийн цэгээ тохирсон. Ажлын зураг, техникийн асуудлууд 2022 онд яригдсан. Хил дамнасан инженерийн байгууламж учраас зураг төслийг Хятадын талаар хийлгэе гэдгээ хоёр тал тохирсон. Монголын талд оногдох зураг төслийн өртөг нь 5.3 сая ам.доллар болсон. 

Зураг төсөл хийсний дараа Монголын талаас Хятадын хил хүрэх барилга байгууламжийн ажлаа 2024 онд дуусах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл гэрээ, нууц зэрэг асуудлаас болоод зогссон. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК хил холболтын зураг төслийн тендерийг 3-4 удаа зарласан юм. Одоо хил холболтыг ярьдаггүй хүн гэж үгүй болсон. Энэ бол ажил хэргийн журмаар хийгдчих байсан ажил. Гэтэл Хятадын талд далим болох шиг боллоо. Одоо Хятадын тал бөөн нөхцөл тавьдаг болсон. Эхний таван жилд таван сая тонн нүүрс өг, жил бүр 20 сая тонн нүүрс өг, хил холболтын бүтээн байгуулалтыг Хятадын компани хийж, төлбөрийг зөвхөн нүүрсээр авна гэх мэт.

Төсөвт өртөг нь 200-250 сая ам.доллар байснаа сүүлд сонсоход бараг 400 сая ам.доллар болсон гэсэн. Энэ хэлэлцээр Шиньхуатай үргэлжилж байгаа. Бүр сүүлдээ та нар 20 сая тонн нүүрс нийлүүлж чадахгүй тул "Эрдэнэс Тавантолгой"-д очиж олборлоё гэж байна. Тэгэхээр энэ бүхнээс Монгол Улс хохирсон. Хил холболтын ажлаас болоод төмөр замын үр ашиг буурахгүй. Хийгдээгүй байсан ч 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Төмөр зам ашиглалтад орсноос хойш 2.8 сая тонн нүүрс зөөсөн. Та нүүрс зөөгдөөгүй гэчихлээ. Нүүрс зөөгдөж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.117.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.