ЦУСНЫ ДОНОРЫГ УРАМШУУЛАХ, дэмждэг болох хуулийн төслийг өргөн барилаа
Үйл явдал
/
2024-01-12

Өнөөдөр буюу 2024.01.12-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын хамтаар Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 1963 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Улсын Их Хурлаас 2007 онд “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого” баталсан бөгөөд уг бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө (2008-2015 он)-г Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 111 дүгээр тогтоолоор батлан 96,97 хувийн үзүүлэлттэй хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Цусны доноруудаас авсан судалгаагаар орон тоо, цалин, хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн тогтвортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин, зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай.

Иймд анхдагч хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болох; иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэх; цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах; цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болох; цусны донорын нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал нэмэгдэж, цусны донорын тоо нэмэгдэх; мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэж Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс дүгнэж байна.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.145.77.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (66.181.186.244) 2024-01-13 08:57:33
Одоо цагт цус өгч байгаа доноруудад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй, тэдний хоол тэжээл чанартай байх, санхүүгийн мөнгөн тусламж үзүүлдэг байх, олон жил цусаа хандивласан доноруудын амьдралын нөхцөлийг сайжруулах, орон сууцаар шагнах, гайгүй нөхцөлд амьдрах боломжлор хангавал зохино. Зүй зохистой санхүүгийн дэмжлэг үзүүлж байж тэдний тоог хэвийн хэмжээнд барих, мөн доноруудтай ажиллаж байгаа ажиллагсдын цалин хангамжийг анхаарах, туршлагатай сувилагч эмнэлгийн ажилтууд тогтвортой удаан ажиллахад санхүүгийн дэмжлэг, урамшуулал,цалин хөлс зэрэгт анхаарах цаг болжээ
Зочин (66.181.186.244) 2024-01-13 08:30:20
Эгэ асуудлыг ул суурьтай авч хэлэлцээд цусаа тогтмол өгдөг доноруудад санхүүгийн мөнгөн дэмжлэг үзүүлж байр хэрэгтэй байна, одоо үед санхүүгийн хөшүүрэг хэрэглэж доноруудын тоог нэмэх , тгтмол байлгах, хоол тэжээлийн асуудал дээр анхаарах цаг болжээ