Голомт банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-т амжилттай оролцлоо
Үйл явдал
/
2024-01-24

Санхүүгийн сахилга бат, санхүүгийн боловсролыг түгээж, хуримтлалын ач холбогдлыг таниулах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд Монгол Улс анх 2012 онд нэгдэж, 2017 оноос эхлэн аяны хүрээнд арилжааны банкнууд олон нийтэд чиглэсэн хуримтлалын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац болон ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн санаачилгаар арилжааны банкнууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор иргэдийг санхүүгийн дархлаатай болгох, хуримтлуулах зуршилд суралцахад нь дэмжлэг болох төрөл бүрийн компанит ажлыг зохион байгууллаа.

Голомт банк 2023 онд “Хуримтлалыг зуршил болгоё” уриатай “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”, харилцагчдын тогтмол хэрэглээг урамшуулах “Big Loyalty” хөтөлбөр, бяцхан харилцагчдыг санхүүгийн дархлаатай иргэн болж төлөвшихөд нь дэмжих “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяныг тус тус хэрэгжүүлж, хуримтлалтай иргэд, харилцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхааран ажилласан. Үүгээрээ Голомт банк олон нийтэд хуримтлалын давуу талыг таниулах, иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулан энэ удаагийн “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны Гутгаар байранд шалгарч, өргөмжлөл, цомоо гардан авлаа.

Нэмж дурдахад 2020 болон 2021 оны “Дэлхийн хуримтлалын өдөр” аянуудад Голомт банк “Витамин₮”, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” зэрэг хадгаламжийн компанит ажлуудаараа бусад арилжааны банкнуудыг манлайлан оролцож, 2 жил дараалан Тэргүүн байр эзэлж байсан юм.

Голомт банк энэ жил ч мөн харилцагчдынхаа хадгалах зуршлыг дэмжин “Парис-2024” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаад буй. Энэхүү аяны хүрээнд хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд урамшууллын эрх олгох бөгөөд урамшууллын эрхтэй харилцагч Парисын олимп хосоороо үзэх 5 ялагчийн 1 болох боломжтой.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн тухай: 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг баталж, цаашид тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж байжээ. Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготой энэхүү аянд одоогийн байдлаар 80 гаруй орон нэгдээд буй бөгөөд Монгол Улс анх 2012 онд нэгдэн орж, 2017 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэх болжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.