Н.Эрдэнэхүү: Ходоодны хорт хавдрын МЭС ЗАСАЛ НЭМЭГДСЭН нь эрт илрүүлгийн үр дүн
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-01-30

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-аас 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг "Хавдрын эсрэг дэлхийн өдөр" болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдрийг угтаж Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчид ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс эрт илрүүлгийн үр дүнгийн талаар тодруулсан юм.

Тэрбээр "Өмнө нь нийт илэрч буй хавдрын 70% нь хожуу шатанд илэрдэг байсан бол 2023 онд 65% болж буурсан. Эрт илрүүлэгтэй холбоотойгоор хавдрын мэс заслын ачаалал нэмэгдсэн. Мэс заслын эмчилгээг анхан болон дунд шатны эмчилгээнд ашигладаг. Ялангуяа ходоодны хорт хавдрын мэс заслын тоо эрс нэмэгдсэн нь эрт илрүүлгийн үр дүн юм. Өмнө нь хавдрыг эхний шатанд илрүүлсэн нь 25%-аас ахидаггүй байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо 32% болсон.

Хавдрын өвчлөлтэй цогцоор нь тэмцэх ёстой. Иргэд урьдчилсан үзлэгт сайн хамрагдвал хорт хавдраас сэргийлж чадна. Илэрлээ гэхэд анхан шатанд нь тогтоох магадлал өндөр учраас өвчнийг хүндрүүлэхгүй арга хэмжээ авах боломжтой. Хавдар бол бусад өвчинтэй ижил зүйл биш. Тийм ч учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас байнга анхаарал тавьдаг. Тиймээс эрт илрүүлгийн хяналтыг цаашид сайжруулж тогтолцоог нь хянаж байх ёстой. Манайд хорт хавдрын туяа эмчилгээний хүртээмж бага. Тиймээс өнгөрсөн оноос энэ төрлийн эмчилгээний сүүлийн үеийн аппаратыг суурилуулсан. Үүний үр дүнд ирэх гуравдугаар сарын 1-нд гэхэд элэгний хожуу хавдартай үед хийдэг туяа эмчилгээний тун нэмэгдэнэ. Өмнө нь олон давтамжтай, бага тунгаар эмчилгээнд ордог байсан бол энэ аппаратын ачаар нэг удаа хийлгэх эмчилгээний үр дүн нэмэгдэнэ" гэж ярилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
5
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.