Г.Өнөрбаяр: Орон нутгийн автомашинууд Улаанбаатарт олон хоновол татвар авах коммунист журмыг эсэргүүцэж байгаа
Үйл явдал
/
2024-02-02

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд үргэлжилж байгаа билээ. Тус чуулганы үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар болон бүсчилсэн хөгжлийн талаар өөрийн байр сууриа хуваалцлаа. 

Тэрбээр "Хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатарт олон хоновол татвар авдаг болно гэсэн коммунист хуулийн төсөл өргөн барьсан гэж би ойлгосон. Үүнийг хувь хүнийхээ зүгээс эсэргүүцэж байна. 

Хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотод аялах, зугаацах гэж орж ирдэггүй. Эмчилгээ үйлчилгээ, боловсрол, гадаад томилолтод явахаар ирдэг. Энэ асуудалд тулгуурлаад орон нутгийн дугаартай автомашинаас татвар авна гэдэг нь дэндүү хүнлэг бус шийдвэр.  Үүний гарц шийдэл, бусад орны жишгийг бодож олох хэрэгтэй. Зөвхөн хөдөөгийнхнөөс татвар авна гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн. Ард иргэдээ хот, хөдөө гэж ялгасан үйлдэл болно. Тиймээс бүсчилсэн хөгжлийн хүрээнд хөдөөгийн аймгуудын хил гаалиар нээлттэй худалдаа хийх боломжийг олгох ёстой. 

Заавал Улаанбаатар рүү ирж түгжрэл нэмэх бус орон нутагтаа худалдаагаа хийж хөгжих боломж байна. Ингэж чадсанаар орон нутгаас Улаанбаатарт ирэх урсгал багасна. Мөн төрийн байгууллагууд нэг газар төвлөрсөн. Үүнийг болих хэрэгтэй. Яамдыг бүсүүдэд шилжүүлснээр төвлөрөл саарна гэж бодож байна" гэв. Үргэлжлүүлэн Завхан аймгийн нөхцөл байдлын талаар "Манай аймаг хөгжлөөрөө улсын хэмжээнд сүүл мушгиж байгаа гэсэн судалгааг хөндлөнгийн байгууллагууд гаргасан. Яг ямар асуудлаар сүүл мушгиж байгааг судалж үзэхэд, засаглалын бодлого, дэд бүтцийн хөгжил хангалтгүй байсан.

Завхан аймагт мөнгө дутаагүй. Сэтгэл дутсан газар болов уу гэж харж байгаа. Сүүлийн 30 жилийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд сургууль, эмнэлэг, соёлын хангалттай баригдсан. Тэгэхээр ирэх 30 жилд ажлын байрыг нэмэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төсвийн хуваарилалтыг зарцуулах хэрэгтэй.  Нөгөө талаараа Завханы бодлого хөрш аймгуудтайгаа ижилхэн, хөл зөрүүгүй байх ёстой" хэмээн ярилаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.213.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.