Хотын дарга Х.Нямбаатар ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН асуудлаар ОХУ-с тусламж хүслээ
Үйл явдал
/
2024-02-07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александровичийг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах, зам тээвэр болон инженер хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Хотын дарга Х.Нямбаатар “​Монгол Улсын нийт хүн амын тал гаруй нь, нийт бүртгэлтэй автомашины 54.5 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрдөг. Энэ нь нэг талаараа Улаанбаатар хотын Монгол Улсын нийгэм, эдийн засагт эзэлж буй голлох байр суурийг илтгэж байгаа боловч хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд хот төлөвлөлтийн шинэ зураг төсөлд гаднын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад нээлттэй” хэмээлээ.

ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александрович “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа бүх төслийн хэрэгжилтийг хариуцаж байгаагийн хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай учраас салбар хамааралгүй бүх чиглэлд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”болон бусад холбогдох баримт бичигт заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг Хотын дарга онцлов.

Улаанбаатар, Москва хот нь анх 1957 онд Ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд “НЗДТГ болон ОХУ-ын Москва хотын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.120.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.