Бид цэргийн жолоо мушгиж яваадаа үргэлж бахархдаг
Үйл явдал
/
2024-02-27

Хаваржилт хүндэрсэн 17 аймагт үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний дийлэнх олонх буюу 90 гаруй хувийг ахлагч нар эзэлж байна. 2024 оныг “Ахлагчийн албаны жил” болгон зарласан нь тэднийг цэргийн алба болоод нийгэмд хандсан ажил арга хэмжээнд ийм л тэргүүлэгчид байдаг учраас төрийн цэрэг болон хууль сахиулах байгууллагын хүрээндээ өргөн хүрээнд зохион байгуулж байгаа нь энэ билээ. Бид 17 аймагт үүрэг гүйцэтгэж байгаа зуун зуун ахлагч нарын төлөөлөл болгож Булган аймгийн Рашаант суманд өвс тэжээл зөөх, зам даваа нээх ажлыг цаг наргүй гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлах ахлагч Х.Бямбадорж, ахлагч Л.Октябрь нартай холбогдож, цөөн хором ярилцлаа. Ахлах ахлагч Х.Бямбадорж, ахлагч Л.Октябрь нар 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Рашаант суманд өвс тэжээл, хивгийг өдөр өдөрт нь төрөлжүүлэн зөөж, сүүлийн өдрүүдэд орон нутгийн замуудыг нээж, малчид тээвэрчдэд саадгүй зорчиход нь тусалж яваа гэнэ.

Ахлах ахлагч Х.Бямбадоржийн хувьд Зэвсэгт хүчинд 23 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтад оролцсондоо, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг анхлан байгуулагдахад нь цуваа татан Сүхбаатар аймгийг зорьж явснаараа үргэлж бахархдаг гэнэ. Энхийг сахиулах ажиллагаанд зургаан удаа үүрэг гүйцэтгэсний олонх нь жолоочоор байна. Цэргийн дээд удирдлагаас үүрэг өгвөл түүнийг хамгийн төгсөөр нь гүйцэтгэхийг эрмэлздэг нь түүний гол зарчим гэнэ. Тиймдээ ч төмөр замын бүтээн байгуулалтыг эхлэхээс нь оролцож, цас зуданд цэргийнхэн үүрэг гүйцэтгэх болбол ангиасаа хамгийн түрүүнд явах хүсэлтээ илэрхийлдэг байна.

“Жолооч хүн тээвэрт явахдаа илүү жаргалтай байдаг нь ч үүнтэй холбоотой” байх гээд энэ бүх хугацаанд ар талыг нь найдвартай дааж яваа хайрт гэргий Э.Оюунтуяа болон хүүхдүүддээ хайртай шүү гэдгээ үүгээр дамжуулсан юм. Харин ахлагч Л.Октябрь Зэвсэгт хүчний 13 дахь жилдээ алба хааж байгаа, энхийг сахиулах ажиллагаанд хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатан байна. Цэргийн албанд анх орохдоо л жолоочоор эхлүүлсэн, одоо ч гэсэн жолоо мушгиж яваа ажээ. “Цэргийн хүний хоёр дахь амь зэвсэглэл, техник. Харин техникчид бид тэр хоёр дахь амийг нь жолоодож, арчилж, тордож байдаг гэхээр энэ ажлаараа бахархахгүй байхын аргагүй юм. Би ажлаа хийхдээ үргэлж аз жаргалтай байдаг. Ачаа ачаад тээвэрт гарахдаа ч, машинаа янзлаад өдөржин болохдоо ч жаргалтай. Осол саадгүй зорьсон газраа хүрэхдээ ч баярладаг. Аливаа зүйлээс сайн талыг нь харахыг хичээдэг” гэж онцлоод дараагийн айл руу өвсөө ачаалах цаг болсныг сурвалжлагч надад сануулав.

Тэд малчин зон олон баярлаж талархаж буйгаа харамгүй илэрхийлж, цэргийн алба хаагчдын зам мөр үргэлж дээшээ байг хэмээн ерөөсөөр үлддэгийг ч дуулгаж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.163.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.