Удирдлагын академийн "шинэ зуун" эхэллээ
Үйл явдал
/
2024-04-07

Орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Тодруулбал, Монгол Улс төрийн албан хаагчдаа сургалтын тогтолцоогоор бэлтгэж эхлэх албан ёсны шийдвэрийг МАН-ын Төв хорооноос 1924 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гаргажээ. Ингээд Монгол орны өнцөг булан бүрээс төрийн алба хаах боломжтой залуучуудыг ирүүлж сургах тогтоол гаргасны дагуу 4-р сарын 5-наас хичээл эхэлсэн. Өнөөдөр орчин цагийн төрийн албан сургалт хичээллэж эхэлсний 100 жилийн ойн өдөр юм.

Гэхдээ Монгол Улс төрийн түшмэл, албан хаагчдаа сургаж ирсэн түүхэн уламжлалыг 100 жилээр хязгаарлана гэвэл өрөөсгөл. Их Монгол Улсын үеэс эхлэн төрийн түшмэдээ тусгайлан бэлтгэж ирсэн түүхэн уламжлал, сурган хүмүүжүүлэх нарийн арга ухаантай байсан гэдэг нь түүх шастирт тэмдэглэгдэн үлдсэн. Иймээс удирдлагын академийн хамт олон 100 жилийнхээ ойг тохиолдуулан “Улсаа урлахуй” баримтат уран сайхны кино бүтээж байгаа аж.

Харин орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо Намын түр сургуулиас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи болох хүртлээ 12 удаа нэрээ сольж, өөрчилсөн байдаг. Үүнийг үндсэн гурван  хэсэгт хувааж үздэг байна.   

1924-1962 он

 Төрийн албаны сургалтын байгууллагын суурийг тавьсан үе. Энэ хугацаанд төрийн албан сургалтын тогтолцоо нь Намын түр сургуулиас, Намын төв сургууль, Нам, улсын төв сургууль, Намын шинэ хүчний дээд сургууль, Намын дээд сургууль хүртэл нэрээ өөрчилж, төрийн албан хаагчдыг бэлтгэх арга хэлбэрээ олохын тулд янз бүрээр туршиж, сургалтын байгууллагынхаа сурийг тавьсан байна. 

1963-1994 он

 Төр, улсын удирдах албан хаагчдыг бэлтгэх тогтолцоо бүрдсэн үе. Улс орон нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжиж эхэлсэн тул түүнд тохирсон төрийн албан хаагчдыг бэлтгэх зорилгоор Эдийн засгийн дээд сургууль, Намын дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академи зэргээр нэрээ өөрчилжээ.

1994-2024 он

Орчин цагийн төрийн албаны сургалтын байгууллага болж төлөвшсөн үе. Сүүлийн 30 жилийн хугацаанд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи болон өөрчлөгдөж, үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин тэлж байна. Нийгмийн тогтолцоо солигдсоноос хойш сургалтын хөтөлбөрөө янз бүрээр өөрчилж ирсэн ч 2017 оны Төрийн албаны тухай хуулиар Удирдлагын академид зарчмын том өөрчлөлт хийсэн байдаг. 

Өөрөө хэлбэл, Удирдлагын академийг “Төрийн албаны сургалтын байгууллага байна” гэж хуульчилсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөвхөн төрийн албан хаагчдыг сургах, хөгжүүлэх, давтан сургах, төрийн албанд ажиллах сонирхолтой хүмүүсийг бэлтгэх тодорхой чиглэлтэй болжээ. Удирдлагын академи нь өнөөдөр:

  1. Төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлэх,
  2. Судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх,
  3. Төрийн байгууллагуудад хэрэгтэй зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн гурван чиг үүрэгтэй ажиллаж байна. 

Анхны эмэгтэй захирал

Удирдлагын академийг үеийн үед эрэгтэй захирлууд удирдаж ирсэн. Харин 2017 оны хуулийн шинэчлэлийн дараа энэ байгууллагыг удирдах үүргийг хүлээсэн хүн бол доктор Д.Сүрэнчимэг. Боловсролын чиглэлээр төр, хувийн хэвшилд олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан түүний хувьд ковидын хүнд, хэцүү цагт энэ байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг хүлээсэн. Гэхдээ энэ хугацаанд Удирдлагын академийнхан цахимаар сургалт явуулах арга зүйгээ сайжруулж чадсан нь өнөөгийн үйл ажиллагаанд нь эерэг нөлөө үзүүлж байна. 

Тэдний хувьд төрийн 226 мянган албан хаагчийг үе шаттайгаар, тогтмол сургаж, мэргэшүүлэх үүрэгтэй ч хүн бүрд хүрч ажиллана гэдэг амаргүй. 2020 онд л гэхэд 6000 хүнд сургалт явуулсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд сургалтаа цахимаар зохион байгуулж, энэ тоог эрс нэмэгдүүлж 125 мянга болгож чадсан байна.

Д.Сүрэнчимэг захирлын хувьд 100 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өв, уламжлалтай энэ байгууллагын түүхийг нь тодорхой, цэгцтэй болгох ажлыг эхлүүлсэн. Мөн эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн зөрүүг арилгаж, жендерийн хувьд эрх тэгш ажиллах боломжоор хангахын тулд, цалингийн системд тодорхой өөрчлөлт оруулсан байна. Түүний хувьд энэ хамт олны цаашдын зорилгыг “Бид тэргүүлнэ, төгсөгчид манлайлна” хэмээн тодорхойлжээ. Иймээс 100 жилийн ойгоо энэ зорилгын дор тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал хийх, эрдэм шинжилгээний ном, бүтээл гаргах, баримтат уран сайхны кино бүтээх зэрэг олон нийтэд мэдлэг боловсрол олгох ажил руу чиглүүлж  байна. 

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг:

Манай үе үеийн удирдлага, багш нар эрдэм судлалын ажилд анхаарсан, бүтээлч ажлын үр дүнд өнөөдөр бид нар 80 жилийн түүх, туршлагыг бий болгожээ. Тийм болохоор бид 100 жилийн ойгоо мэдлэг бүтээх, мэдлэг түгээх 100 жил гэж харж байна. Нэг өдрийн үйл ажиллагаа биш жилийн турш мэдлэг бүтээж, мэдлэг түгээх 100 жилийн ойн жил болно. Бид шинэ зуун руу алхахад манай байгууллага тэргүүлэх байгууллага байх биш, манай сураад гарсан бүтээгдэхүүнүүд тэргүүлэгчид байх ёстой гэдэг рүү ажиллана. Шинэ брэндинг үүсгэх, шинэ зуун эхэлж байна.  Манай байгууллага шилдэг байх нь чухал биш, энэ байгууллагын хийсэн ажлын үр дүнд нийгэм сайхан болох нь бидний зорилго гэж харж байна. Бид харах өнцгөө зөв болгох ёстой.

Орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоог үргэлжлүүлж буй удирдлагын академийн шинэ зуун ийнхүү эхэлж байна. 100 жилийн ойн арга хэмжээнүүд энэ оныг дуустал үргэжилнэ. Өнөөдөр л гэхэд удирдлагын академийн өчигдөр, өнөөдөр, маргааш ёслолын ажиллагаа болж байгаа юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.179.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.