О.Батхүү: Залуучууд ТЭТГЭВРИЙН САНГААС мөнгө авч ИПОТЕКООР БАЙРАНД ОР!! Эргүүлж төлөх нь ТОДОРХОЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-23

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийн 50 хувийг улсаас хариуцан төлнө. Бусад хугацааг малчид өөрсдөө хариуцна гэсэн зохицуулалтыг тусгаад байгаа. Уг заалтын талаар ХҮН намын гишүүн, хуульч О.Батхүү өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

"Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж байх явцад малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг улсын төсвөөс төлөх санал гарсан. Төсвийн мөнгө байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. 

Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг нийгмийн дундаж давхаргын иргэд төлөх болчхоод байна. Тогтмол ажил эрхэлдэг, тогтмол орлоготой, хамгийн их татвар төлдөг хэсэг дундаж давхаргынхан. Өөрөөр хэлбэл 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг, олдог орлого нь тодорхой хүмүүс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг төлөх нь. Ажил хийж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл 12%, ХАОАТ 10%, НӨАТ-ын 10%, ажил олгогч 14% гээд нийт 45%-ийн шимтгэл төлдөг.  Гэтэл эдгээр хүнээс дахиж шимтгэл, татвар авч нийгмийн нөгөө хэсгийн шимтгэлийг төлөх нь буруу гэж үзэж байна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс яагаад НДШ төлөхгүй, бага хамрагдалттай байгаа нь шимтгэл иргэнд өгөөжгүй болсонтой холбоотой. 40 жил НДШ төлчхөөд нас барвал тэр хүнд ямар ч өгөөж байхгүй. Тэтгэврийн зээл авсан хойноо нас барвал өр нь өвлөгддөг. Тэгэхээр аль болох олон хүнээс шимтгэл авч байж өгөөжтэй болохыг УИХ, Засгийн газарт хэлье. 

40 жил шимтгэл төлчхөөд 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь ахмадуудын амьдралд хүрэхгүй, ядуусын эгнээнд шилжиж байгаа. Иймээс тэтгэврийн хэмжээг нэг саяас хоёр сая төгрөгт хүргэх шийдэл хайх ёстой. Энэ бол хувийн тэтгэврийн сан. Өөрөөр хэлбэл миний төлж байгаа татварыг орон сууцны зээлийн сантай холбож, тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгийг залуучууд зээлж аваад орон сууцтай болно. Өнөөдөр банкууд орон сууцны зээл олгохгүй байгаа. 30 жилийн хугацаанд хүүний хамт буцааж төлнө. Жилийн 6-8%-ийн хүүтэй зээл гэж бодохоор тэтгэвэрт гарахад хуримтлалын мөнгө 3-4 дахин өснө. 500,000 төгрөгийн тэтгэвэр авах байсан бол мөнгөө эргэлтэд оруулснаар нэг саяас хоёр сая төгрөгийн тэтгэвэр авах бололцоотой болно. Насны эцэст хангалттай тэтгэвэр авч чадна гэсэн баталгаа байхад хүн болгон шимтгэл төлж таарна.

Малчдын орлогыг өсгөхөд тодорхой арга хэмжээ авмаар байна.  Эмээлтэд нэг хонь 250,000-300,000 төгрөгөөр зарагдаж байна. Гэтэл малчны хотноос тал үнээр нь зарагддаг. Малчид малаа зарахдаа хямд зардаг ч иргэд хоёр дахин их үнээр авдаг. Дунд нь ашиг орлого хийж байгаа хүмүүс, татвар, шимтгэл төлдөггүй. Малчид хангалттай орлоготой болбол НДШ-ийг хүссэн хүсээгүй төлдөг тогтолцоонд шилжинэ.

НДШ төлсний үр шимийг насны эцэст авдаг, амьдралд нь хүрдэг тогтолцоо руу явах ёстой" гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.140.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.