Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болов.
Тахилгын ёслолын өмнөх орой лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.
Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.
Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Өмнөговь аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгов.
Мөнх хөх тэнгэртээ сүсэлж, хөрст дэлхийгээ шүтэн, байгальтайгаа эвсэн найрсаж, уул ус, ургамал модоо амьтай, эзэнтэй хэмээн хайрлан дээдэлж ирсэн нүүдэлчин монгол түмний соёл иргэншлийн гайхамшиг, давтагдашгүй онцлог гэдгийг хэлэв.
Байгаль эхээ хайрлан хамгаалж аж төрөх монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, ой, усны нөөцийг нэмэгдүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахын чухлыг тэмдэглэв.
Мөн “Говь нутаг өрнүүн хөдөлмөр, их бүтээн байгуулалтын талбар болж, улс орны хөгжил дэвшил, хүн ардын амьдралд бодитой хувь нэмрээ оруулж, урагшлах урам зориг, дэвжих итгэл найдварын өлгий болж байна.
Өмнийн говийн зон олон нутгийнхаа эрдэс баялгийн хишиг буяныг хүртэж эхэлснээр нутаг орноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа өөд нь татан, улс орон, ард түмнийхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй аймаг” гэлээ.
-
2 цаг 3 мин
-
2 цаг 4 мин
-
3 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20