Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу бараалхав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурал үр дүнтэй болж байгааг тэмдэглэв.
Мөн Солонгосын хойгт энх тайван тогтоох асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой арга гэж үздэгээ онцлов.
Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ ямагт биелүүлж ирсэн, цаашид ч энэ чиглэлээр тууштай ажиллахаа хэлэв.
НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу уулзалтын эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжлав.
Тэр бээр Зүүн хойд Азийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгаа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизмыг НҮБ улам хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгийг нотлов.
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цөмийн зэвсэггүй статусаа зарласан нь бусад улс оронд үлгэр жишээ болж байгааг тэмдэглэв.
Мөн олон улсын геополитикийн ээдрээтэй энэ үед Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулж байгааг онцолж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон Монгол дахь НҮБ-ын Удирдлагын баг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг дэмжиж байгааг тодотгов.
-
1 цаг 26 мин
-
1 цаг 27 мин
-
2 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20