Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус Байнгын хорооны гишүүд өнөөдөр /2024.10.15/ Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2021 онд байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын нийт шүүгчдийн сахилга, хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй ажилладаг.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, ард иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг дээшлүүлэх, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд бид юунд анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд ажиллаж байна гэлээ.
УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед шүүхийн байгууллагын төсвийн хараат бус байдлыг бий болгоход УИХ-аас онцгой анхааран ажиллана гэлээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, шүүх байгууллагын сахилгын асуудлыг Үндсэн хуульд тусган, Шүүхийн сахилгын хороог байгуулсан бөгөөд сахилгын хорооны гишүүдийн ажил үр дүнтэй байснаар иргэн хуулиараа хамгаалагдсан эрх, эрх чөлөөтэй амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Үүнийг Улсын Их Хурал бүх талаараа дэмжин ажиллах болно гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин нар Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал, эдийн засгийн баталгаатай холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн тус Хороонд иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой алхам хийхийг санал болгов. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн хэрэгжилт, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхтэй шууд хамааралтайг онцоллоо
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин