ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ: Начин, харцага, заанаар бүл нэмж ДАРХАН АВАРГА цолтон тодорсон УЛСЫН БАЯР НААДАМ
З.Батхуяг
Нийтлэл
/
13 цаг 21 мин

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

Начин, харцага, заанаар бүл нэмж ДАРХАН АВАРГА цолтон тодорсон УЛСЫН БАЯР НААДАМ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, 2024 оны Үндэсний Их баяр наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болж өнгөрлөө. Монгол түмэн ч ёс уламжлал, өв соёлоо дээдлэн орчин цагийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн сайхан наадлаа.  Баяр наадмын хамгийн үзүүштэй, сонирхолтой төрөл нь угаас хүчит бөхийн барилдаан байдаг. Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдсан.

Өнгөрсөн зуны наадмын бөхийн барилдааны чимэг нь шинэхэн Хөдөлмөрийн баатар цол хүртсэн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр болон даян аварга Намсрайжавын Батсуурь, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс, Гунаажавын Эрхэмбаяр, Оргихын Хангай нарын таван аварга гурвын даваанд цолоо дуудуулснаараа онцлог байлаа.

Жилийн жилд шилдэг аймгийн арслан, залуу бөхчүүд улсын наадмаар олон даваа авч, цол ахиулах нь үзэгчдийн урмыг сэргээж, бахдалыг төрүүлдэг. Тэрч ёсоор болж Сэлэнгийн Д.Төрболд, Архангайн Э.Мөнхжаргал, Өвөрхангайн Т.Довчинсэмбээ, Ховдын Г.Дармаажанцан, Увсын Л.Энхсаруул, Завханы М.Амарсанаа нарын зургаан начин, Говь-Алтайн Т.Сайханжаргал, Төв аймгийн Э.Ууганбаяр гэсэн хоёр хүчтэй харцага, Өндөрширээтийн Д.Хүдэрбулга гэсэн шилдэг ЗААН цолтон төрөв. Хүчин бөхийн барилдааны үзүүр түрүүний барилдаанд Даян аварга Н.Батсуурь, улсын залуу арслан Б.Орхонбаяр нарын энэ цаг үеийн идэрмэг хоёр хүчтэн баяр наадмын бөхийн барилдааны манлайд хүч үзэн барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат “Хемон констракшин” компани, бөхийн “Увс нуур” галын бөх Намсрайжавын Батсуурь өөрийн ур ухаан, авхаалж самбаагаараа илүүрхэн давж төвх цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээс тодорсон МОНГОЛ БӨХИЙН ДАРХАН АВАРГА цол хүртэв. Үзүүрт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын шинэ залуу арслан Баярсайхан Орхонбаяр шалгарч, эрэмбэ өндөртэй арслан болж амжилтаа ахиуллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.